Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар,  төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар  26-31 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж 5-10 м/с. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал:  19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн зарим газраар 13-15 м/с, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр шөнөдөө нутгийн хойд хэсгээр цочир хүйтэрч болзошгүй.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-ын товчооны авто замын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 18:23 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 18:31 цагт очиход иргэн Ц-гийн “Приус-20” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

Ховд аймгийн Булган сумын Далт багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 02:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 02:19 цагт очиход иргэн Т-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бөмбий багийн ‘’Ондилын нуур’’ гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 150 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 150 км-т/ 08.16-ны өдөр малчин Э-гийн 1 хүүхэд мотоциклтой гараад сураггүй болсон бөгөөд тогтоол усанд живсэн байж болзошгүй дуудлагыг 08.17-ны өдрийн 16:29 хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, А /13 настай, эрэгтэй/-ын цогцсыг мөн өдрийн 20:30 цагт тогтоол усны зүүн эргээс 25 метр, 2 метрийн гүнээс олж, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн. /08.16-ны өдөр ар гэрийн хүмүүс эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.17-ны 16:00 цагийн орчим тогтоол усны эрэгт хувцсаа эвхэж тавьсан байсныг олсон./

Өндрөөс унах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд орон сууцны дээврээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 11:13 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан 11:26 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Х /18 настай, эмэгтэй/ гэр бүлийн маргаанаас болж амиа хорлох үйлдэл хийж байсныг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 08.17-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г тус дүүргийн “Сэлбэ гол”, “Дамбын гүүр”, “Майхан толгой” зэрэг газруудаар 9 км-т явганаар, 28 км-т автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:00 цагт түр зогсоосон.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт багийн “Ховд голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км, сумын төвд/ иргэн А /25 настай, эрэгтэй/ 08.12-ны өдрийн 14:00 цагийн орчим загасанд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 06:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагч, ар гэрийн хүмүүс 08.17-ны өдөр иргэн А /25 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-г “Ховд” голын 5 метрийн метрийн гүнд 12 удаа шумбаж, сумын 8 дугаар багийн төвөөс “Шар нуур”  гэдэг газар хүртэл 18 км-т явганаар болон завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.18-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

4.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Гол, мөрний усны үер: Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “Рашаан голын горхины сайр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн зүгт 95 км-т/ 11 зорчигчтой 2 суудлын автомашин “Рашаан гол”-д урсаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн мөн өдрийн 17:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 20:50 цагт очиход иргэн Э-гийн жолоодож явсан “Патрол” загварын 6 зорчигчтой суудлын автомашин, иргэн Э-гийн жолоодож явсан “Приус 20” загварын 5 зорчигчтой суудлын автомашинууд “Рашаан гол”-д суусан байсныг татан гаргаж, 8 том хүн, 3 хүүхдийг тус аймгийн Улиастай сумд хүргэсэн.

Уруйн үер: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Бэлчирийн сайр”, Бэрхэвшийн сайр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 125 км-т, Хатгал тосгоноос хойд зүгт 25 км-т/ 10 зорчигчтой 5 суудлын автомашин уруйн үерт урсаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид мөн өдрийн 19:10 цагт очиход иргэн Н-ийн жолоодож явсан “Форестер” загварын 1 зорчигчтой, Ө-гийн жолоодож явсан “Делика” загварын 2 зорчигчтой, Б-гийн жолоодож явсан “Гаяа” загварын 4 зорчигчтой, С-ийн жолоодож явсан 3 зорчигчтой автомашинууд уруйн үерт урсаж байсныг зорчигчийн хамт аюулгүй газарт тус тус татаж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top