1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
Төлөв байдал: 20-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 22-нд нутгийн зарим газраар, 23-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх боловч 21-нээс баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд ТҮЦ шатаж байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 07:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 07:36 цагт очиж эзэнгүй 3х2 метрийн хэмжээтэй ТҮЦ шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Булаг” багийн Хэрлэн 3 дугаар гудамжинд /аймгийн төвөөс зүүн зүгт 194 км, сумын төвд/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 11:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 11:20 цагт очиж иргэн Д-гийн 12х10 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны өрөө шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 18:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 19:02 цагт очиж иргэн Ц-гийн 4 ханатай гэр шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 19:44 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 19:50 цагт очиж иргэн З-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Гал түймрээс иргэн З /62 настай, эрэгтэй/-ийн амь насыг авран хамгаалсан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Өмнөговь аймгийн Сэврэй сумын 1 дүгээр багийн “Шинэ-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 259 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т, Ө-43°56’24” У-101°55’48″/ 08.18-ны өдрийн 07:44 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 07:53 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 08.18-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо “Ар гүнт” гэдэг газраас “Хар мухар” гэдэг газар хүртэл 9 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:00 цагт түр зогсоосон. 08.19-ний өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт багийн “Ховд голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км, сумын төвд/ иргэн А /25 настай, эрэгтэй/ 08.12-ны өдрийн 14:00 цагийн орчим загасанд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 06:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн ажилчид, ар гэрийн хүмүүс 08.18-ны өдөр иргэн А /25 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-г “Ховд” голын 2.5 метрийн метрийн гүнд 6 удаа шумбаж, сумын 8 дугаар багийн төвөөс голын эрэг дагуу “Шар нуур” гэдэг газар хүртэл 18 км-т явганаар болон завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 08.19-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.
Шаварт суусан: Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Загийн Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км, сумын төвөөс зүүн урд зүгт 15 км/ иргэн С-ийн “Ландкруйзер-80” загварын суудлын автомашинтай 2 иргэн уулын үерт боогдож, шаварт суусан тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 90 км замыг туулан 17:40 цагт очиж 3 цаг 20 минут ажиллан нийт 54 хүнийг аюулгүй газарт гарган, 18 автомашиныг татан гаргасан.
Бусад төрлийн осол: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хөхөө багийн “Алагцарын гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 130 км, сумаас баруун хойд зүгт 60 км, Хатгал тосгоноос зүүн урд зүгт 30 км/-т суудлын автомашин /5 том хүн, 3 хүүхэдтэй/ үерт урссан тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 06:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги, Хатгал тосгоны Цагдаагийн тасгийн алба хаагчид 30 км замыг туулан 08:19 цагт очиж Ханх сумаас Мөрөн сумын чиглэлд зорчиж явсан иргэн М-ийн “Ланд-80” загварын суудлын автомашинтай 5 том хүн, 3 хүүхдийг 17 минут ажиллан эсэн мэнд аварч гарган иргэн Д /47 настай, эрэгтэй/, Б /34 настай, эрэгтэй/, Б /36 настай, эмэгтэй/, Ш /31 настай, эмэгтэй/, Э /7 настай, эрэгтэй/, Э /6 настай, эрэгтэй/, У /7 настай, эмэгтэй/ нарыг Хатгал сумын сум дундын эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Мөн өдрийн 09:24 цагт “Ланд-80” загварын суудлын автомашиныг татан гаргаж иргэн М-д хүлээлгэн өгсөн.
Завхан аймгийн Алдархаан сумын Шивэртэй багийн “Таван чихийн ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 10 км, сумын төвөөс хойд зүгт 40 км/-т иргэн Б-гийн суудлын автомашин “Чигэстэй” голд суусан тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 14:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 10 км зам туулан 14:35 цагт очиж тус аймгийн харьяат иргэн Б-гийн “Харриэр” загварын суудлын автомашин “Чигэстэй” голд суусан байсныг 15 минут ажиллаж татан гаргасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 12 дугаар байрны дэргэд гүний худагт хүн унасан тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 15:46 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9.8 км замыг туулан 16:04 цагт очиж Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд оршин суугч иргэн Б /53 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 3 метр гүнтэй гүний худагт унасан байсныг 20 минут ажиллан аварч гарган /баруун хөлний өвдөг, гуя хугарсан/ НЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.
Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “Өндөр толгой” гэдэг газар /аймгийн төвөөс урьд зүгт 5 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ ачааны автомашин Богдын голд унасан тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:48 цагт очиж иргэн У /42 настай, эрэгтэй/-ын “Портер” загварын ачааны автомашинтай Алдархаан сумын Богдын гол багийн “Усан цахилгаан станц”-аас Баянбулаг багийн “Хөх толгой” гэдэг газар руу зорчин явахдаа Богдын гол багийн “Өндөр толгой” гэдэг газар голын усанд унасан байсныг 42 минут ажиллаж аварч гаргасан.
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Согоот багийн “Жарантай гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км, Завхан аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км, Тосонцэнгэл сумаас баруун хойд зүгт 80 км-т/ Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын “Могойн гол” ХК-ийн нүүрсний уурхайн эмнэлэгт “PCR” шинжилгээний оношлуур хүргэж өгөөд буцаж явсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн “Фургон” загварын суудлын автомашин голын усанд суусан тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 00:10 цагт хүлээн авсан. Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 80 км замыг туулан 02:50 цагт очиж 25 минут ажиллан татан гаргаж иргэн Б-д хүлээлгэн өгсөн.
5.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Гол, мөрний усны үер: Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Бөөргийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ 5 өрхийн 26 хүн /12 том хүн, 14 хүүхэд/, 5000 бог мал “Бөөргийн” голын усанд боогдсон тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан “Бамбай” гэдэг газар 19:00 цагт очиж үлдсэн 10 км газрыг явганаар туулахаар цааш хөдөлгөөн үйлдсэн.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн “Шугуй” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 10 км, сумын төвөөс хойд зүгт 41 км-т/ Дэлгэрмөрөн голд 4 зорчигчтой автомашин үерийн усанд автсан тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 04:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 10 км замыг туулан 05:02 цагт очиж иргэн С /34 настай, эрэгтэй/-ийн “Приус-20” загварын суудлын автомашинтай Ө /31 настай, эмэгтэй/, Т /10 настай, эрэгтэй/, Н /7 настай, эмэгтэй/ нар 2000 бог малтай үерийн усанд автсаныг 2 цаг 04 минут ажиллан аварч аюулгүй газар гаргасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн “Цагаан эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 3 км, сумын төвд/ 2 өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Дэлгэрмөрөн голын усны түвшин нэмэгдэж 1 айл үерийн усанд автсан тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 06:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 06:40 цагт очиж иргэн Б-гийн 5 ханатай гэр, 2 том хүн, 3 хүүхдийг аврах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Уруйн үер: Говь-Алтай аймгийн Алтай суманд 08.18-ны өдрийн 15:30-16:10 цагийн хооронд хүчтэй аадар бороо орсоны улмаас үер бууж аж ахуй нэгж, албан газрын зоорийн давхарт үерийн ус орсон тухай 8 дуудлага, айлын хашаа, гэрт ус орсон тухай 29 дуудлага, нийт 37 дуудлагыг 08.18-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраас 5 ажлын хэсэг зохион байгуулан алба хаагчид ажиллаж 5 айлын 8 иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, “Түмэн”, “Жаргалант”, “Харзат”, “Баянхайрхан”, “Оргил” багийн 23 айлд заавар зөвлөгөө өгч, суваг шуудуу татаж үерийн усыг урсган, “Алтай” чуулгын 200 мкв автомашины тавиулан, “Ундарга-Алтай” ОНӨААҮГ, “Төрийн банк”-ны байрны 205 мкв зоорийн давхарт үерийн ус орсоныг соруулж гаргах арга хэмжээ авч ажилласан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР