1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, 20-22 градус дулаан байна.
Төлөв байдал: 21-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо, 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 21-нд нутгийн өмнөд хэсгээр, 22-нд нутгийн зарим газраар, 23-нд говь, талын нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 18:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 18:53 цагт очиход иргэн Б-гийн 3х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 42 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 08.19-ний өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Зүүн салаа”-ны зусланд явганаар 9 км, автомашинаар 42 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:00 цагт түр зогсоосон. 08.20-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт багийн “Ховд голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км, сумын төвд/ иргэн А /25 настай, эрэгтэй/ 08.12-ны өдрийн 14:00 цагийн орчим загасанд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 06:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн ажилчид, ар гэрийн хүмүүс 08.19-ний өдөр иргэн А /25 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-г “Ховд” голын 2.5 метрийн метрийн гүнд 4 удаа шумбаж, сумын 8 дугаар багийн төвөөс голын эрэг дагуу “Шар нуур” гэдэг газар хүртэл 18 км-т явганаар болон завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй, бороо орсны улмаас гол үерлэж булингар их болсон тул ар гэрийнхэнтэй зөвшилцөж зогсоосон.
Шаварт суусан: Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн “Таван чихийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 10 км-т/ “Чигэстэй” голын усанд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 10 км зам туулан 19:13 цагт очиход Улиастай сумаас Алдархаан сумын чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан иргэн У-гийн “Пробокс” загварын суудлын автомашин усанд суусан байсныг 19:30 цагт татан гаргасан.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Долоон гатлага багийн “Шар нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 12 км-т/ “Сүүн” голын усанд суудлын автомашин живсэн, жолооч нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 20:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 12 км зам туулан 20:55 цагт очиход иргэн М /53 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ “УАЗ-469” загварын суудлын автомашин жолоодож яваад “Сүүн гол”-ын усанд живүүлсэн байсныг “ЗИЛ-130” загварын ачааны автомашинаар татаад гаргаж чадаагүй тул орхисон. 08.20-ны өдөр ар гэрийнхэн нь туулах чадвартай сайтай автомашин олохоор болсон.
4. Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Гол, мөрний усны үер: Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Бөөргийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ 5 өрхийн 26 хүн /12 том хүн, 14 хүүхэд/, 5000 бог мал “Бөөргийн” голын усанд боогдсон тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан “Бамбай” гэдэг газар 19:00 цагт очиж үлдсэн 10 км газрыг явган явж очсон. 08.19-ний өдрийн 06:00 цагаас эхлэн иргэн Ж, Н, Б, Г, Д нарын 2000 бог малыг усаар гаргасан бөгөөд усархаг ширүүн бороо үргэлжлэн орж байгаа тул 21:00 цагт зогсоосон. 08.20-ны өдрийн 06:00 цагт ажиллагааг үргэлжлүүлсэн.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн “Шугуй” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 10 км, сумын төвөөс хойд зүгт 41 км-т/ “Дэлгэрмөрөн” голд 4 зорчигчтой автомашин үерийн усанд автсан тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 04:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 10 км замыг туулан 05:02 цагт очиж иргэн С /34 настай, эрэгтэй/-ийн Приус-20 загварын суудлын автомашинтай Ө /31 настай, эмэгтэй/, Т /10 настай, эрэгтэй/, Н /7 настай, эмэгтэй/ нар 2000 бог малтай үерийн усанд автсаныг 2 цаг 04 минут ажиллан аварч аюулгүй газар гаргасан бөгөөд буцах замдаа тус багийн Хотгорын-Ам гэдэг газар иргэн С-ийн 5 ханатай гэр усанд автсан байсныг нүүлгэн шилжүүлсэн.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн “Арал” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 5 км-т/ тус сумын нутгаар 2 өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Дэлгэр мөрөн үерлэж 2 айлын гэр усанд автсан тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 09:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж 2 өрх айлын 6 хүн /үүнээс 1 нь хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргаж 2 гэрийн хаяаг шууж усыг гаргасан.
Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 12 км-т, сумын төвөөс баруун зүгт 43 км-т/ тус сумын нутгаар 08.19-ний өдрийн 17:00 цагт усархаг ширүүн бороо орж 5 мм тунадас буусны улмаас 3 айлын гэр урссан, 3 айлын гэр усанд автсан тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 12 км зам туулан 18:30 цагт очиход иргэн А-гийн 2 гэр, У-гийн 1 гэр, нийт 3 гэр урсаж, иргэн Д-гийн 2 гэр усанд автсан, мөн “Приус-11” загварын суудлын автомашин усанд суусан байсан бөгөөд 2 гэрийг нүүлгэн шилжүүлж, автомашиныг уснаас татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР