1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Өвөрхангай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүсэж 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 градус дулаан байна.
Төлөв байдал: 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 22-нд нутгийн зарим газраар, 23-нд говь, талын нутгаар, 24-нд тал хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрч, 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт гэр шатсан дуудлагыг 08.20-ны өдрийн 09:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 0.8 км замыг туулан 09:13 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 09:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 10:06 цагт очиход иргэн М-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 10:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 10:58 цагт очиход иргэн Т-гийн 10х6 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Багануур дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав захын авто замын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 00:12 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан 00:23 цагт очиход иргэн Х-гийн “Тоёота Эстима” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт багийн “Ховд голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км, сумын төвд/ иргэн А /25 настай, эрэгтэй/ 08.12-ны өдрийн 14:00 цагийн орчим загасанд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 06:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн ажилтнууд, ар гэрийн хүмүүс 08.20-ны өдрийн 13:58 цагт тус аймгийн Улаанхус сумын 8 дугаар багийн /осолдсон газраас зүүн зүгт 40 км-т/ “Улаантолгой” гэдэг газарт хадлан хадаж байсан иргэд “Ховд” голын эрэгт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 15:33 цагт очиж, “Ховд” голоос иргэн А-гийн цогцсыг гаргаж, тус аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлж өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 08.20-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Зүрх-Уул”-аас Сонгинохайрхан дүүргийн “Зүүн салаа” гэдэг газар хүртэл явганаар 9 км-т, автомашинаар 35 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:30 цагт түр зогсоосон. 08.21-ний өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо /Улаанбаатар хотоос урд зүгт 43 км-т/ 08.20-ны өдрийн 11:00 цагийн орчим “Манзуширийн хийд”-ээс “Цэцээ гүн”-ий чиглэлд 5 иргэн алхаж явснаас иргэн С сураггүй болсон тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 23:20 цагт хүлээн авсан. Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 08.21-ний өдрийн 02:00 цагт очиж, Баянгол дүүргийн харьяат иргэн С /81 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
4. Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Гол, мөрний усны үер: Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Бөөргийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ 5 өрхийн 26 хүн /12 том хүн, 14 хүүхэд/, 5000 бог мал “Бөөргийн” голын усанд боогдсон тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 08.20-ны өдрийн 06:00 цагт аврах ажиллагааг эхлүүлж, 5 өрхийн 26 иргэнийг 12:20 цагт аюулгүй газарт гаргасан. “Ховд” голын усны түвшин нэмэгдсэний улмаас малыг гаргах боломжгүй тул мөн өдрийн 17:24 цагт түр зогсоосон. 08.21-ний өдрийн 06:00 цагт аврах ажиллагааг эхлүүлсэн.
Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн “Доод улаан-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 450 км-т, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ 6 зорчигчтой 2 суудлын автомашин “Тэс”-ийн голын усанд боогдсон тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 09:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 12:04 цагт очиход хилийн “Арц суурь” боомтоос тус сумын “Доод улаан-Үзүүр” гэдэг газарт жимс түүхээр ирсэн иргэн М /52 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Галлапор” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/, Ж /47 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Галлапор” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/-ы 6 том хүн, 2 хүүхдийг аюулгүй газарт завиар гаргасан. “Тэс”-ийн гол үер ихтэй байгаа тул автомашиныг татаж гаргах боломжгүй орхисон.
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхэт багийн “Баян-Эрхэтийн Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 16 км-т/ 10 зорчигчтой 3 суудлын автомашин “Дэлгэрмөрөн”-ийн усанд боогдсон тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 16:15 цагт очиход иргэн Т-гийн жолоодож явсан “Приус 30” загварын суудлын автомашин, Б-гийн жолоодож явсан “Ниссан Санни” загварын суудлын автомашин, Б-гийн жолоодож явсан “Ниссан Тида” загварын суудлын автомашин, 6 том хүн, 7 хүүхдийг аюулгүй газарт завиар гаргасан. “Дэлгэрмөрөн” үер ихтэй байгаа тул автомашиныг татаж гаргах боломжгүй орхисон.
Булган аймгийн Тэшиг сумын Харгал багийн “Энтий” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 210 км-т, сумын төвөөс 35 км-т/ тус сумын харьяат О нь хэвлийн цочмог өвдөлт мухар олгойн оноштой тус аймгийн Тэшиг сумаас аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа тул “Эг” голыг завиар гатлах туслалцаа үзүүлнэ үү гэсэн сумын Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн хүсэлтийг 08.20-ны өдрийн 20:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 08.21-ний өдрийн 01:50 цагт очиход “Эг”-ийн гол үер ихтэй байсан тул мөн өдрийн 06:50 цагт О /14 настай, эмэгтэй/-ийг завиар зөөвөрлөж, тус аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн бага эмчид хүлээлгэн өгсөн.
Шаварт суусан: Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 90 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 84 км-т/ 4 зорчигчтой суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 23:10 цагт очиход тус аймгийн Есөнбулаг сумаас Халиун сумын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Датсун” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/-ыг аюулгүй газарт татаж гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР