Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар, Архангай, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо үргэлжлэн орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, баруун, төв, говийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 23-нд говь, талын нутгаар, 24,25-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

2.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осолХовд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн “Баруун хаяа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 140 км, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/-т суудлын автомашины дугуй хагарч замын хажуу руу онхолдсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 11:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан 11:57 цагт очиж Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Ниссан Эдван” загварын суудлын автомашин замын хажуу тал руу онхолдсон байсныг бүхээг дотроос 2 том хүн, 1 хүүхдийг 10 минут ажиллаж аварч гарган /хүүхдийн бие хэвийн, 2 том хүн шоконд орсон байдалтай/ сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсонНийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 08.21-ний өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны “Баруун салаа”, “Баян-Уул”, “Нарс” зуслангаас “Богдын-Овоо” гэдэг газар хүртэл явганаар 11 км-т, автомашинаар 32 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:30 цагт түр зогсоосон. 08.22-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо /Улаанбаатар хотоос урд зүгт 43 км-т/ 08.20-ны өдрийн 11:00 цагийн орчим “Манзуширийн хийд”-ээс “Цэцээ гүн”-ий чиглэлд 5 иргэн алхаж явснаас иргэн С сураггүй болсон тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 23:20 цагт хүлээн авсан. Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийн хүмүүс 08.21-ний өдрийн 02:00 цагт очиж Баянгол дүүргийн харьяат иргэн С /81 настай, эрэгтэй/-ыг 2 хэсэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 10:20 цагт “Цэцээ гүн”-ий оргил руу гараад бууж явсан иргэд С-тэй таарч Налайх дүүргийн “Хонхор” гэдэг газарт хүргэж өгсөн гэсэн мэдээллийг авсанаар эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/-т иргэн Ц 08.20-ны өдрийн 10:00 цагийн орчим жимсэнд явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан алба хаагчид, ар гэрийн хүмүүс иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг эрэн хайх ажиллагааг 08.21-ний өдрийн 16:56 цагаас эхлүүлсэн.

Булган аймгийн Бүрэгхангай сумын Бумбат багийн “Зүүн дэлэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км, сумын төвөөс зүүн урд зүгт 8 км/-т Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд зорчин явсан 1 автомашинтай 3 том хүн, 3 хүүхэд төөрсөн тухай мэдээллийг 08.21-ний өдрийн 22:17 цагт Онцгой байдлын ерөнхий газарт хүлээн авсан. Мэдээлийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 5 км замыг туулан очиж “Лексус 570” загварын автомашинтай иргэн М /40 настай, эрэгтэй/, О /40 настай, эмэгтэй/, Т /57 настай, эмэгтэй/ нарыг 4-16 насны 3 хүүхдийн хамт төөрсөн байсныг олж Булган аймгийн Бүрэгхангай сумын төв рүү хүргэсэн.

Бусад төрлийн осол: Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн “Очирваань хайрханы өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 180 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/-т суудлын автомашин /дотроо 3 зорчигчтой/ уулын уруу ухрахдаа жолоодлого алдаж унах гээд байна гэсэн дуудлагын 08.20-ны өдрийн 23:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2 км замыг туулан очиж иргэн Т /21 настай, эрэгтэй/, Ц /52 настай, эрэгтэй/, Н /56 настай, эрэгтэй/ нар “Ланд Круйзер-78” загварын автомашинтай уулын хажуу руу хөндөлдсөн байсныг 13 минут ажиллаж аварч гарган аймгийн Цагдаагийн газрын байцаагчид хүлээлгэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон багийн “Хаданхүү-Арал” гэдэг газар /Мөрөн сумаас зүүн хойд зүгт 140 км, Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 40 км/-т “Хаданхүү” арал дээр бага оврын завьтай 3 иргэн бороо орж, хүчтэй салхины нөлөөгөөр далайн давалгаа ихээр үүссэн тул буцаж ирэх боломжгүй байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 13:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Хатгал тосгон дахь Далайн захиргааны газрын ажилтнууд 15 км усан замыг туулан 19:22 цагт очиж иргэн Д /50 настай, эрэгтэй/, Б /20 настай, эмэгтэй/, Б /40 настай, эрэгтэй/ нарыг аварсан.

4. Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Уруйн үерТөв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн “Гүүрний-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 10 км/-т “Урьхан 2” зоогийн газар, айлын гэрт үерийн ус орсон, “Мянганы зам” үерт автаж зам сэтэрсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 10 км замыг туулан очиж Төв аймгаас Архангай аймгийн чиглэлд явах зам сэтэрсэнээс үерийн усанд боогдсон 8 автомашиныг аюулгүй байдлыг хангуулан замын хөдөлгөөнд оруулсан. 3 дугаар багийн задгайд гэр нь үерийн усанд автсан 1 том хүн, 1 хүүхдийг, “Урьхан 2” зоогийн газарт үерийн усанд боогдсон иргэн А /63 настай, эрэгтэй/, Ц /19 настай, эмэгтэй/, Б /19 настай, эрэгтэй/, Н /17 настай, эрэгтэй/, Я /26 настай, эмэгтэй/, Б /61 настай, эмэгтэй/ нарыг аварч гарган, усыг соруулж аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top