Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудад бороо орсон. Баянхонгор аймгийн Эрдэнэцагаан суманд бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говиор 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг.  Бороо орохгүй.  Салхи баруун хойноос 6-11 м/с. 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 25, 27-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. 28-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны Задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 12:50 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 14:21 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 14:38 цагт очиход иргэн А-гийн 10х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Увс аймгийн Баруунтуруун сумын Шанд багт Чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 19:03 цагт очиход иргэн М-ийн чингэлэг, эд хогшил шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08:23-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:25 цагт очиж, /4 цаг/, хүч нэмэгдүүлж 12:54 цагт тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 13:08 цагт очиж, /3 цаг/, 13:53 цагт Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 10.5 км замыг туулан 14:11 цагт очиж, /1 цаг 30 минут/ христийн шашны сүмийн 16х40 метрийн хэмжээтэй 2 давхар барилгын дээвэр, дотор тал, эд хогшил шатаж байсныг нийт 4 цаг ажиллаж унтраасан. 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1.2 км замыг туулан 12:56 цагт очиход иргэн Ц-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн “Угалзын мараат толгой” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 255 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 84 км-т, Ө-50°48’00.0″, У-98°02’24.0″/ 08.23-ны өдрийн 16:39 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 16:45 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумаас тодруулах гэсэн боловч 08.19-22-ны өдрүүдэд орсон борооны улмаас шилэн кабел тасарч, үүрэн холбооны сүлжээгүй тул мэдээлэл авах боломжгүй тухай мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сум дахь Хилийн 0298 дугаар салбарын холбооноос тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсонНийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс 08.23-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Зүүн салаа”-ы эцсээс “Ар гүнт” гэдэг газар хүртэл явганаар 8 км-т, автомашинаар 70 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:00 цагт зогсоосон.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/-т иргэн Ц 08.20-ны өдрийн 10:00 цагийн орчим жимсэнд явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Цагдаагийн хэсгийн хлба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг эрэн хайх ажиллагааг 08.23-ны өдөр “Эрхэт-Ар тогоот” гэдэг газраас “Тамчдын хавцал” гэдэг газар хүртэл явганаар болон мориор 11 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Мөн өдрийн 11:30 цагаас хойш бүлэг холбоонд ороогүй болно.

Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн “Хархираан багалзуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 136 км-т, сумын төвөөс урд зүгт 3 км-т/ 08.23-ны өдрийн 16:00 цагийн орчим иргэн Б гэрээсээ мотоциклтой гараад сураггүй болсон тухай дуудлагыг 08.23-ны өдрийн 23:10 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин Б /36 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгуулж байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 08.24-ний өдрийн 03:00 цагт хөдөлгөөн үйлдсэн.

Бусад төрлийн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд дулаан дамжуулах шугамд хүүхэд хөлөө хавчуулсан байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 14:07 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км замыг туулан 14:24 цагт очиход М /7 настай, эрэгтэй/ зүүн хөлийн шилбэний хэсгээрээ дулаан дамжуулах шугамд хавчуулагдсан байсныг гаргаж, аав С-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top