Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар,  зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 9-14 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд зарим газраар, 27-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 27-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 09:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 09:55 цагт очиж иргэн О-гийн 5 ханатай гэр, А-гийн 3х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 13:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 13:55 цагт очиж иргэн Ц-гийн 5 ханатай гэр, эд хогшил, иргэн Б-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэ мандал 2 дугаар багт байшин шатаж байна гэсэн тухай дуудлагыг 08.24-ний өдрийн 23:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3.2 км замыг туулан 23:53 цагт очиж иргэн О-гийн 4х3 метрийн хэмжээтэй амбаарт 2 угаалгын машин шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн “Баянбулаг” гэдэг газар Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн чиглэлд зорчиж явсан автомашинууд авто замын зорчих хэсэгт осолдсон, тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 10:43 цагт хүлээн өгсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 10:47 цагт очиж Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн чиглэлд зорчиж явсан “Тоёота Королла” загварын суудлын автомашин, Дорноговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Приус-30” загварын суудлын автомашинууд осолдож “Тоёота Королла” загварын суудлын автомашины жолооч /тус аймгийн харьяат иргэн М /38 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг 6 минут ажиллан цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчид 11:00 цагт хүлээлгэн өгсөн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн “Хуучин хороолол”-д 5 зорчигчтой автомашин газар цөмөрсөнөөс урд дугуй, тэнхлэг хэсгээрээ орсон тухай дуудлагыг 08.24-ний өдрийн 13:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 3.5 км зам туулан 13:35 цагт очиж Улаанбаатар хотын харъяат иргэн У-гийн “Вингрөүд” загварын суудлын автомашин 08.22-23-ны өдрүүдэд орсон их хэмжээний борооны улмаас газрын хөрс сийрэгжиж автомашины урд дугуй тэнхлэг хэсгээрээ цөмөрч орсон байсныг 10 минут ажиллаж татан гаргасан.

Төөрсөн, сураггүй болсонНийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 08.24-ний өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Хандгайт” зуслан, “Бага баяны-Ам”, “Их баяны-Ам” зэрэг газруудаар явганаар 12 км-т, автомашинтайгаар 66 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:00 цагт зогсоосон.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/-т иргэн Ц 08.20-ны өдрийн 10:00 цагийн орчим жимсэнд явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг 08.24-ний өдөр “Эрхэт-Ар тогоот” гэдэг газраас “Эрхэтийн хавцал” гэдэг газар хүртэл явганаар болон морьтойгоор 6 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоосон. 08.25-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн “Хархираан багалзуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 136 км-т, сумын төвөөс урд зүгт 3 км-т/ 08.23-ны өдрийн 16:00 цагийн орчим иргэн Б гэрээсээ мотоциклтой гараад сураггүй болсон тухай дуудлагыг 08.23-ны өдрийн 23:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийн хүмүүс малчин Б /36 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.23-ны өдрийн 17:00 цагийн орчим “Хархираан” голын эргээс мотоциклийг олсон. 08.24-ний өдрийн 08:00 цагаас “Хархираан багалзуур” гэдэг газраас “Их хужиртын-Ам” гэдэг газар хүртэл 35 км-т завиар урсаж, “Хархираа” голын эрэг дагуу 35 км-т автомашинтай болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 08.25-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Цас шаварт суусан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн “Ширээ нуруу” гэдэг газар Дархан-Эрдэнэт чиглэлд хөдөлгөөн үйлдэж байсан /аймгийн төвөөс баруун урд зүгт 18 км/-т дотроо 3 зорчигчтой автомашин шаварт суусан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 00:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 18 км зам туулан 00:56 цагт очиж Эрдэнэтийн гүүрний хойд талд иргэн Б-гийн “Ниссан патрол” загварын автомашинтай үерийн усны шаварт шигдэн орсон байсныг 5 минут ажиллаж татан гаргасан.

Бусад төрлийн осол: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Зулзагын гол” гэдэг газар /Аймгийн төвөөс зүүн хойд зүгт 22 км/-т Өгөөмөр амралтын газрын хажууд “Зулзага”-ын голд автомашин суусан тухай дуудлагыг 08.25-ны өдрийн 03:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 22 км зам туулан 04:45 цагт очиж иргэн Б-гийн “Приус-30” загварын автомашин “Зулзага”-ын голд суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.

4.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Уруйн үер: Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 08.23-24-ний өдрүүдэд үргэлжилсэн бороо орсны улмаас үерийн далан давж халин 1 дүгээр багийн Таван шарын 7, 8 дугаар байр, 8 айлын нийтийн орон сууц, 7 дугаар багийн Ургах нархан хорооллын 2 давхар хувийн орон сууц, Тэмүүлэл хорооллын 1 дүгээр гудамжны айлын байшин, гэр тус тус усанд автсан дуудлагыг 08.24-ний өдрийн 20:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн бүлгийн ажилтнууд 5 айлын хашаа, 3 айлын гэр, 3 айлын байшин, нийтийн орон сууцны 6 айлын усыг соруулан, байшинг тойруулан  экскаватораар 30м газар шуудуу ухаж, 3 орон сууцны гаднах үерийн усыг зайлуулж шуудуу татан, 3 шуудуу даланг цэвэрлэж, 2 замыг сэтэлж усны урсгалыг өөрчилж урсган, үерийн ус орсныг соруулж гаргах арга хэмжээ авч ажилласан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутагт 08.23-24-ний өдрүүдэд үргэлжилсэн бороо орсны улмаас 2 дугаар багийн нутагт айлын эсгий гэр, хашаа усанд автсан дуудлагыг 08.24-ний өдрийн 06:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 06:27 цагт очиж 30 минут ажиллаж шуудуу татаж усыг гарган аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top