Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Улаан-Үзүүр багийн “Есөн-Овоод” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 276 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 15 км-т/ 08.26-ны өдрийн 08:00 цагийн орчим иргэн С-ийн 4 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 08.26-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Уг гал түймэрт Е /15 настай, эмэгтэй, III-IV зэргийн түлэгдэлттэй/ өртөж, мөн өдрийн 17:04 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЯТТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмчид хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн. 

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багт гал гарч байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 14:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 900 м замыг туулан 14:11 цагт очиход иргэн Ө-гийн 4х7 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатаж байсныг 5 минут ажиллан унтрааж, тус аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн. 

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн “Халтарын гол” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км-т, Ө-48°51’00.0”, У-102°13’12.0”/ 08.27-ны өдрийн 04:06 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 04:15 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын даргатай холбогдож тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн “Тээлийн-Ам’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т, Тосонцэнгэл сумын төвөөс баруун урд зүгт 90 км-т/ суудлын автомашин онхолдож 1 иргэн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан, гаргаж өгнө үү гэсэн Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг 08.26-ны өдрийн 23:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 08.27-ны өдрийн 01:10 цагт очиход тус аймгийн Тэлмэн сумаас Улиастай сумын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ онхолдож, тус аймгийн харьяат иргэн Б /27 настай, эмэгтэй/ нь автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус аймгийн Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгчид шилжүүлж өгсөн. Мөн иргэн Б /25 настай, эрэгтэй/, Б /37 настай, эмэгтэй/ нас барсан байсан.   

Усны осол: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Шаргын голын-Эх” гэдэг газарт /аймгийн төвөөс хойд зүгт 320 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ 08.19-ний өдрийн 17:00 цагийн орчим иргэн Б морьтой “Шаргын гол”-ыг гатлахдаа живсэн тухай дуудлагыг 08.26-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.20-ны өдрийн 11:00 цагт /осол болсон газраас 5 км-т/ “Шаргын гол”-оос иргэн Б /29 настай, эрэгтэй/-ийн унаж явсан морийг нь голын эргээс үхсэн байсныг олсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид 08.27-ны өдрийн 01:05 цагт Рэнчинлхүмбэ суманд очиж хоносон.

Өндрөөс унах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд цонхоор хүн үсрэх гээд байна дуудлагыг 08.26-ны өдрийн 11:24 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км замыг туулан 11:35 цагт очиход иргэн А /35 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ гэр бүлийн маргааны улмаас цонхоор үсэрч амиа хорлох гэж байсныг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсонНийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 08.26-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Зүрх-Уул” орчмын зуслангийн бүсэд явганаар 7 км-т, автомашинтай 26 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:00 цагт зогсоосон.

Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн “Хархираан багалзуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 136 км-т, сумын төвөөс урд зүгт 3 км-т/ 08.23-ны өдрийн 16:00 цагийн орчим иргэн Б гэрээсээ мотоциклтой гараад сураггүй болсон тухай дуудлагыг 08.23-ны өдрийн 23:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс малчин Б /36 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.23-ны өдрийн 17:00 цагийн орчим “Хархираан” голын эргээс мотоциклыг олсон. 08.26-ны өдөр “Хархираан багалзуур” гэдэг газраас “Их хүдэртийн-Ам” гэдэг газар хүртэл “Орхон” голын усанд завиар 20 км-т, “Орхон” голын эрэг дагуу 20 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:10 цагт түр зогсоосон. 08.27-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

5.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Гол, мөрний усны үер: Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн “Хар-Усны тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 136 км, сумын төвөөс урд зүгт 25 км-т/ малчин М-ийн 370 толгой бог мал “Орхон” голд боогдсон тухай дуудлагыг 08.26-ны өдрийн 10:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийн хүмүүс мөн өдрийн 15:40 цагт очиж, “Орхон” голд боогдсон малчин М-ийн 300 хурга, 70 ишиг, нийт 370 толгой бог малыг 4 цаг 20 минут ажиллаж аюулгүй газарт гаргаж, малчин М-д хүлээлгэн өгсөн.  

Уруйн үер: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Партизан, Хөшөөт багт 08.26-ны өдрийн 16:25 цагаас усархаг аадар бороо, цас орсны улмаас байшин, хашаа усанд автсан тухай дуудлагыг 08.26-ны өдрийн 21:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн ажилтнууд, нутгийн иргэд 18 айлын байшин, хашааны усыг соруулан, 1 метр өндөр, 1.2 метр өргөн, 490 метр урттай далан босгож, мөн 5 шуудуу даланг цэвэрлэж усны урсгалыг сайжруулан 3 шуудуу далангийн 6 хэсэг сэтэрсэн байсныг шороогоор нөхөж хэвийн болгосон. Нийт 78 айл усанд автаж, 10 шуудуу, далан сэтэрч бөглөрсөн байсныг 07 цаг 22 минут ажиллаж аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top