1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, Хэнтэйн уулархаг нутгаар нойтон цас орно. Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, 13-15 градус дулаан байна.
Төлөв байдал: 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи хугацааны эхээр говь, тал, хээрийн нутгаар, 11-нд нутгийн зарим газрааар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд нийт нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай”-д баригдаж байгаа барилгын гадна хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 22:12 цагт очиход 12 давхар барилгын гадна дулаалгын хөөсөнцөр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 16 иргэнийг гаргасан.
– Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн “Задгай”-д Нийтийн орон сууцны барилга шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 9:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь эрэн хайх, аврах бүлэг, мөн Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 145 км зам туулан 12:20 цагт очиход 13 айлын 25х16 метрийн хэмжээтэй барилга шатаж байсныг 1 цаг 40 минут ажиллаж унтраасан.
Говь-Алтай аймгийн Цогт сумын 1 дүгээр гудамжинд /аймгийн төвөөс баруун урд зүгт 260 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ 08.05-ны өдрийн 22:00 цагт малчин айлын 5 ханатай гэр шатсан. Тус багийн харьяат малчин Ч-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 09.06-ны өдрийн 10:32 цагт тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Задгай”-д гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 15:18 цагт очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн М /51 настай, эрэгтэй/ баруун гарын сарвууны хэсэг бага зэрэг түлэгдсэн байсныг ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны “Задгай”-д Цайны газрын барилга шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 17:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 17:45 цагт очиход иргэн Э-ийн 4×3 метрийн хэмжээтэй сендвичэн барилга шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Арвижих багийн 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 17:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 17:55 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114 км/-т 08.31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан. 08.31-ний өдөр Хово загварын өөрөө өргөгч автомашинаар Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн Бүрэгхангай сумын чиглэлд зорчиж яваад Орхон голын усанд суулгасан бөгөөд Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 92 км зам туулан 09.01-ний өдрийн 00:25 цагт очиж 1 зорчигчтой зорчиж явсан иргэн Л-ийн “Хово” загварын өөрөө өргөгч автомашин усанд суусан байсныг иргэн Л /44 настай, эрэгтэй/, иргэн Г /46 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газарт гарган автомашиныг уснаас татан гаргах боломжгүй тул орхисон. Тухайн иргэнийг голын ус татартал автомашиныг татан гаргах ажиллагаа хийж болохгүй тухай анхааруулгыг Булган аймгийн Онцгой байдлын газраас 09.01-ний өдөр өгсөн болно. 09.06-ны өдрийн байдлаар Булган аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд Орхон аймгийн харьяат иргэн Л/44 настай, эрэгтэй/ нь 09.02-ны өдөр автомашинаа уснаас татаж гаргах гэж байгаад живсэн тул “Цоохор морьтын гарам” гэдэг газраас “Орхон Туулын бэлчир” гэдэг газар хүртэл 110 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 09.07-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.
Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Хүрд” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 265 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ Иргэн М, Н нар 09.03-ны өдөр гэрээсээ мотоциклоор яваад сураггүй болсон бөгөөд мотоциклыг нь “Эг”-ийн голын бетон гүүрний хажуугаас олсон тухай дуудлагыг 09.06-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн М /52 настай, эрэгтэй/, Н /40 настай, эрэгтэй/ нарыг Эгийн голд эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 19:05 цагт явсан бөгөөд 09.07-ны өдрийн 01:00 цагт хүрэлцэн очиж хоносон. 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хяргын ганц-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/Иргэн Г 08.19-ний өдрийн 04:00 цагт хадлангийн майхнаасаа явганаар гараад сураггүй болсон, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөс тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг 08.27-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан иргэд иргэн Г/53 настай, эрэгтэй, алга болох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, тус иргэний малгай, гадуур дотуур цамц олдсон/-ийг 09.02-ны өдрийн 10:20 цагийн орчим Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн Нэрстийн цоорхой гэдэг газар /Цагааннуур сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/-т явган мод руу гүйж орсон гэсэн мэдээллийг жимсэнд явж байсан хүмүүс өгсний дагуу 10:55 цагаас эхлэн “Нэрстийн цоорхой” гэдэг газраас 15 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:25 цагт түр зогсоосон.
Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн Босгийн гүүр гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 129 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 46 км-т/ “Ланд круйзер-200” загварын суудлын автомашин “Туул” голд суусан 5 иргэн автомашин дээр гарсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 09.05-ны өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 129 км замыг туулан 23:50 цагт очиж Төв аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчин явсан иргэн А-ын “Королла фиелтэр” загварын автомашин усанд живж зорчин явсан 1 хүүхэд, 5 том хүн автомашины бүхээг дээрээ гарсан байсныг 1 цаг 20 минут ажиллан аварч гаргасан бөгөөд автомашиныг нь 09.06-ны өдрийн 13:20 цагт татан гаргасан.
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн “Элстэйн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 215 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ “Ланд круйзер-200” загварын суудлын автомашин “Хануйн” голд суусан 4 иргэн автомашин дээр гарсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 09.05-ны өдрийн 23:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 215 км замыг туулан 09.06-ны өдрийн 06:00 цагт очиж 4 иргэнийг 06:20 цагт аварч гаргасан бөгөөд 11:27 цагт усанд суусан автомашиныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР