Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Сэлэнгэ аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:   Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, Хэнтэйн уулаараа нойтон цас орно. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:   Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 9-нд Алтайн уулархаг нутгаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд нийт нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “Сигнал” ХХК-ийн хэвийн боовны цехэд гал гарч байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 02:36 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 02:43 цагт очиход тус үйлдвэрийн 6х5 метрийн хэмжээтэй өрөөнд чаналгын тогоо шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

– Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн Хүнсний дэлгүүрийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлагыг 09.07-ны өдрийн 07:32 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 07:35 цагт очиход “Хүрэл-Өлзий” хүнсний дэлгүүрийн 7х8 метрийн хэмжээтэй агуулах дотор эд хогшил шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Майхантын 6 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.07-ны өдрийн 12:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 12:42 цагт очиход иргэн Т-ийн улсын дугааргүй “Вит-6” загварын суудлын автомашин шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан. 

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх багийн “Оргот” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 51 км-т, Ө-49°12”36” У-88°46”48”/ 09.07-ны өдрийн 08:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 08:38 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн “Харанхуй” гэдэг газар /Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 124 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т, Ө-48°38”24”, У-106°03”36”/ 09.08-ны өдрийн 00:50 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 00:56 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Улаанбаатар хот болон Булган аймгийн Баяннуур, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн сум, Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Орхон, Мандал, Жавхлант, Сайхан, Сант, Цагааннуур, Хушаат, Хүдэр, Хөтөл, Шаамар сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Баянчандмань, Батсүмбэр, Баянцогт, Борнуур, Заамар, Зуунмод, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ сумдын иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд учирсан хохирлын талаар мэдээлэл ирээгүй байна.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114  км/-т 08.31-ний өдөр “Орхон” голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан. 08.31-ний өдөр Хово загварын өөрөө өргөгч автомашинаар Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн Бүрэгхангай сумын чиглэлд зорчиж яваад Орхон голын усанд суулгасан бөгөөд Булган аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчид 92 км зам туулан 09.01-ний өдрийн 00:25 цагт очиж 1 зорчигчтой зорчиж явсан иргэн Л-ийн “Хово” загварын өөрөө өргөгч автомашин усанд суусан байсныг иргэн Л /44 настай, эрэгтэй/, иргэн Г /46 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газарт гарган автомашиныг уснаас татан гаргах боломжгүй тул орхисон. Тухайн иргэнийг голын ус татартал автомашиныг татан гаргах ажиллагаа хийж болохгүй тухай анхааруулгыг Булган аймгийн Онцгой байдлын газраас 09.01-ний өдөр өгсөн болно. 09.07-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн Орхон аймгийн харьяат иргэн Л /44 настай, эрэгтэй/ нь 09.02-ны өдөр автомашинаа уснаас татаж гаргах гэж байгаад живсэн тул “Уушгийн гарам” гэдэг газраас Цоохор морьтын гарам гэдэг газар хүртэл 70 км-т завиар урсаж, 3 метрийн гүнд 3 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж мөн өдрийн 20:00 цагт зогсоосон.

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Хүрд” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 265 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ Иргэн М, Н нар 09.03-ны өдөр гэрээсээ мотоциклоор яваад сураггүй болсон бөгөөд мотоциклыг нь “Эг”-ийн голын бетон гүүрний хажуугаас олсон тухай дуудлагыг 09.06-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, “Булган “авто зам засвар арчилалт” ТӨХК-ийн ажилтнууд, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн М /52 настай, эрэгтэй/, Н /40 настай, эрэгтэй/ нарыг “Эг”-ийн голд 4 метрийн гүнд, 6 удаа шумбалт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 09.08-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, 5 салааны гарамаар гарч байсан автомашин живсэн 3 хүн автомашин дээрээ зогсож байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 01:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 50 км замыг туулан 02:39 цагт очиход “Туул” голын усанд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны харьяат иргэн С /41 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Пажеро” загварын суудлын автомашин живж, Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат иргэн Э /40 настай, эрэгтэй/, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн А /40 настай, эрэгтэй/ нар автомашин дээрээ зогсож байсныг аюулгүй газарт гаргаж, автомашиныг мөн өдрийн 03:20 цагт татан гаргасан.

Төөрсөн, сураггүй болсон: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ Иргэн Ц 08.20-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ц/45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг 09.07-ны өдөр “Эрхэтийн хавцал”, “Ёлын хясаа”, “Ар тогоотын-Оруулга” гэдэг газар хүртэл явганаар 12 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 09.08-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хяргын ганц-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ Иргэн Г 08.19-ний өдрийн 04:00 цагт хадлангийн майхнаасаа явганаар гараад сураггүй болсон, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөс тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг 08.27-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд иргэн Г /53 настай, эрэгтэй, алга болох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, тус иргэний малгай, гадуур дотуур цамц олдсон/-ийг 09.02-ны өдрийн 10:20 цагийн орчим Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн Нэрстийн цоорхой гэдэг газар /Цагааннуур сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/-т явган мод руу гүйж орсон гэсэн мэдээллийг жимсэнд явж байсан хүмүүс өгсний дагуу 10:55 цагаас эхлэн “Нэрстийн цоорхой” гэдэг газраас 15 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:25 цагт түр зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top