1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 22-27 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи зүүн өмнөөс 5-10 м/с, 20-22 градус дулаан байна.
Төлөв байдал: 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 12-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны “Задгай”-д орон сууцны барилгын тагт дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 07:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 08:02 цагт очиход цоожтой айлын тагт дээр эд зүйл шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт айлын хашаанд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ны өдрийн 08:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 08:50 цагт очиход иргэн Н-ийн 13х6 метрийн хэмэээтэй байшин, хураалттай 1.2 тн өвс шатаж байсныг 39 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тээлийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ тус сумын харьяат иргэн С-ийн 4х4 метрийн хэмжээтэй амбаар 09.09-ний өдрийн 15:10 цагт шатсаныг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг сумын Засаг дарга 16:04 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Өвөрхангай аймгийн Богд сумын Баяндөхөм багийн “Сэрвэн хашаат” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т, Ө-48°40’48.0″, У-102°40’12.0″/ 09.09-ний өдрийн 11:05 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 11:13 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Хүрд” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 265 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ иргэн М, Н нар 09.03-ны өдөр гэрээсээ мотоциклоор яваад сураггүй болсон бөгөөд мотоциклыг нь “Эг”-ийн голын бетон гүүрний хажуугаас олсон тухай дуудлагыг 09.06-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, “Булган авто зам засвар арчилалт” ТӨХК-ийн ажилтан, ар гэрийн хүмүүс тус сумын харьяат иргэн М /52 настай, эрэгтэй/, Н /40 настай, эрэгтэй/ нарыг 09.09-ний өдөр “Эг”-ийн голын эрэг дагуух тогтоол усыг насосоор соруулж, мөн эрэг дагуу явганаар 6 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 09.10-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.
Төөрсөн, сураггүй болсон: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ Иргэн Ц 08.20-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг 09.08-ны өдөр “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар мориор болон автомашинтай 4 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:19 цагт түр зогсоосон.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хяргын ганц-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ иргэн Г 08.19-ний өдрийн 04:00 цагт хадлангийн майхнаасаа явганаар гараад сураггүй болсон, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөс тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг 08.27-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд иргэн Г /53 настай, эрэгтэй, алга болох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, тус иргэний малгай, гадуур дотуур цамц олдсон/-ийг 09.02-ны өдрийн 10:20 цагийн орчим Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн Нэрстийн цоорхой гэдэг газар /Цагааннуур сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/-т явган мод руу гүйж орсон гэсэн мэдээллийг жимсэнд явж байсан хүмүүс өгсний дагуу 10:55 цагаас эхлэн “Нэрстийн цоорхой” гэдэг газраас 15 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:25 цагт түр зогсоосон. 09.09-ний өдөр сумын Засаг даргаар ахлуулсан иргэд Ренчинлхүмбэ сумын “Хоолойн зах” багийн “Булгайн даваа” гэдэг газраас 8 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан болвоч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. 09.10-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР