Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Сэлэнгэ аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Үдээс хойшдоо дуу цахилгаантай, аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с, түр зуур 12-14 м/с хүрч ширүүсч, 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13-ны өдөр говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 15-ны өдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 12-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар, 13,14-ний өдөр Алтайн салбар уулсаар, 15-ны өдөр зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 12-ны өдрөөс нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанСэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй багийн Партизаны 7 дугаар гудамжны 15 тоотод /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 24 км-т/ амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 10:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 24 км замыг туулан 11:23 цагт очиход иргэн Г-гийн 4х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсан вилла” хотхонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 13:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 13:54 цагт очиход шинээр баригдаж байгаа 13х18 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.     

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир багт амбаар шатаж байна гэсэн тухай дуудлагыг 09.10-ны өдрийн 13:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 14:02 цагт очиход иргэн У-гийн 2х2 хэмжээтэй амбаар шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 00:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 17 км замыг туулан 01:07 цагт очиход иргэн Б-гийн 10х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.    

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 366 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т, Ө-51°16’48.0″, У-100°16’12.0″/ 09.10-ны өдрийн 07:34 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 07:41 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Хүрд” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 265 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ иргэн М, Н нар 09.03-ны өдөр гэрээсээ мотоциклоор яваад сураггүй болсон бөгөөд мотоциклыг нь “Эг”-ийн голын бетон гүүрний хажуугаас олсон тухай дуудлагыг 09.06-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, “Булган авто зам засвар арчилалт” ТӨХК-ийн ажилтан, ар гэрийн хүмүүс тус сумын харьяат иргэн М /52 настай, эрэгтэй/, Н /40 настай, эрэгтэй/ нарыг нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Тухайн газарт 08.20-ны өдөр орсон усархаг борооны улмаас “Эг”-ийн гол савнаасаа хальж гүүрнээс эрэг хүртэлх далан бүхий зам 100 метрт сэтэрсэн бөгөөд, сэтэрсэн хэсгийг 08.27-ны өдрөөс эхлэн сэргээн засварласан байсныг буцаан ухуулах явцад 09.10-ны өдрийн 17:20 цагт иргэн Н-ийн цогцос, 17:40 цагт иргэн М-ийн цогцос тус тус олдсон. Цогцсуудыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.    

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Таван салааны гарам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Улаанбаатар хотоос тус суманд очиж хадлан бэлтгэх ажилд оролцож байсан нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн О нь 09.10-ны өдрийн 16:00 цагийн орчим “Онон” голын усанд орж байгаад живсэн тухай дуудлагыг мөн өдрийн 16:45 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэх хайх, аврах салбарын алба хаагчид иргэн О /55 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар мөн өдрийн 22:45 цагт Батширээт суманд очиж хоноглоод, 09.11-ний өдрийн 06:00 цагт цааш хөдөлсөн.

Төөрсөн, сураггүй болсонБаянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ Иргэн Ц 08.20-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг 09.08-ны өдөр “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар мориор болон автомашинтай 4 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр  мөн өдрийн 20:19 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хяргын ганц-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ иргэн Г 08.19-ний өдрийн 04:00 цагт хадлангийн майхнаасаа явганаар гараад сураггүй болсон, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөс тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг 08.27-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд иргэн Г /53 настай, эрэгтэй, алга болох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, тус иргэний малгай, гадуур дотуур цамц олдсон/-ийг 09.02-ны өдрийн 10:20 цагийн орчим Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн Нэрстийн цоорхой гэдэг газар /Цагааннуур сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/-т явган мод руу гүйж орсон гэсэн мэдээллийг жимсэнд явж байсан хүмүүс өгсний дагуу 10:55 цагаас эхлэн “Нэрстийн цоорхой” гэдэг газраас 15 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:25 цагт түр зогсоосон. 09.09-ний өдөр сумын Засаг даргаар ахлуулсан иргэд Ренчинлхүмбэ сумын “Хоолойн зах” багийн “Булгайн даваа” гэдэг газраас 8 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан болвоч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top