1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар, Архангай, Булган, Дорнод, Орхон, Төв, Дархан, Сэлэнгэ аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 22-27 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
Төлөв байдал: 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 13,14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 12-нд нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүснэ.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд сумын Сайншанд сум 2 дугаар багийн Энхтайваны 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 09:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 09:38 цагт очиж иргэн Н-ийн 9х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн дунд буудлын 40 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 18:10 цагт очиж иргэн А-ийн 7х4 метрийн хэмжээтэй байшинийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Онги багийн 3 дугаар гудамжинд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 20:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 20:24 цагт очиж иргэн А-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн “Бөхөн-Уул”-д саун шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 22:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 22:28 цагт очиж иргэн Х-ын 3х4 метрийн хэмжээтэй саун шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 33 дугаар гудамжинд дэлгүүрээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 01:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 01:13 цагт очиж иргэн Г-ын 8х6 метрийн хэмжээтэй дэлгүүр дотор тооцооны кассын төхөөрөмж шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 22:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 22:52 цагт очиж эзэнгүй 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
– Автозамын тээврийн осол: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Баян-Эрдэнэ багийн нутаг “Хамар даваа” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 123 км, сумын төвөөс баруун хойд зүгт 23 км/-т 09.11-ний өдрийн 23:00 цагийн орчим Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Улаанбаатар хотын харъяат иргэн С-ийн 64-65 Норд Бенз загварын ачааны автомашин осолдож, автомашины төмөр хийцэд иргэн Б /34 настай, эрэгтэй/ хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 00:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбатаар ахлуулсан алба хаагчид 01:05 цагт осол болсон газрын чиглэлд хөдөлгөөн үйлдсэн.
Усны осол: Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Таван салааны гарам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Улаанбаатар хотоос тус суманд очиж хадлан бэлтгэх ажилд оролцож байсан нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн О нь 09.10-ны өдрийн 16:00 цагийн орчим “Онон” голын усанд орж байгаад живсэн тухай дуудлагыг мөн өдрийн 16:45 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэх хайх аврах салбарын алба хаагчид иргэн О /55 настай, эрэгтэй/-ыг 09.11-ны өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 10:54 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 300 метр зайтай “Онон” голын усанд доошоо харсан байдалтай хөвж байсныг олж, цогцсыг гарган өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 08.26-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г 07.19-ний өдрөөс 08.27-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 08.28-ны өдрийн нийслэлийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр зогсоосон. Ар гэрээс нь хүсэлт гаргасны дагуу 09.11-ний өдрийн 11:30 цагаас Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо “Зүрх уул” гэдэг газраас “Зүүн салаа”-ны эцэс, “Жигжидийн-Ам” зэрэг газруудаар 9 км-т алба хаагчдыг 10-15 м зайтайгаар байрлуулан самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулан мөн өдрийн 18:00 цагт түр зогсоосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР