Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Өдөртөө зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшиж, шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 12-17 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи өмнөөс 6-11 м/с. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-ний өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 15-ны өдөр говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 14, 15-ны өдөр зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багийн 5 дугаар гудамжинд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 154 км-т/ Иргэн Б-ийн байшин 09.12-ны өдрийн 03:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 07:57 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд иргэн Б-ын 8х8 метрийн хэмжээтэй байшин шатсаныг 4 цаг 50 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Цэнгэл багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 85А байрны тагт дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 14:09 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:25 цагт очиход иргэн Х-ийн байрны тагтан дээр эд зүйл шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 5 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 19:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:44 цагт очиход 3х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Сонгины амралтын гүүр”“Туул” голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 18:53 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 31 км замыг туулан 19:38 цагт очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Т /32 настай, эрэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Туул“ голын усанд унаж живсэн байсан тул урсгал дагуу 3 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:40 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг 09.13-ны өдрийн 06:00 цагт эхлүүлнэ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, “Нисэхийн хадан хясаа” гэдэг газрын баруун талд “Туул” голын усанд хүн живсэн тухай дуудлагыг 09.13-ны өдрийн 00:24 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16 км замыг туулан 00:58 цагт очиход нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны харьяат иргэн А /19 настай, эрэгтэй/ осгосон байдалтай “Туул” голын салаанд эсэн мэнд байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 08.26-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н/32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г 07.19-ний өдрөөс 08.27-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 08.28-ны өдөр зогсоосон. Ар гэрээс нь хүсэлт гаргасны дагуу 09.11-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. 09.12-ны өдрийн байдлаар нийслэлийн Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 9 ангийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо “Богдын даваа” гэдэг газраас “Зүүн салааны Бумбатын-Ам” газар хүртэл 9 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:00 цагт түр зогсоосон.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Mираж” амралтын газарт амарч байснаас хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн 09.12-ны өдрийн 06:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийналба хаагчид 35 км замыг туулан 19:10 цагт очиж, иргэн А /42 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад тухайн иргэн нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд оршин суугч авга эгч Б-д очсон нь тогтоогдсон тул мөн өдрийн 20:13 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top