Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2. Обьектын гал түймэр:

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 07 дугаар хорооллын 07 дугаар байранд /2021-09-14-ний 10:57 цагт/ айлын тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид ажиллан иргэн А-гийн 42 метр2 байрны тагтан дээр зөөврийн хийн тулга шатаж байсныг унтраасан.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт 9 дүгээр баг /аймгийн төвөөс баруун хойд зүгт 84 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 2 км/-т иргэн Н-ийн хашаанд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагаар /2021.09.14-ний 11:05 цагт тус аймгийн Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Н-ийн хураалттай 28 боодол өвс шатаж байсныг унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн 11 дүгээр байрны гадна автомашин шатаж байна гэсэн дуудлагаар 2021.09.14-ний өдрийн 11:38 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид иргэн С-ийн “Фотон БЖ-5036” загварын суудлын автомашины бүхээгний дотор тал шатаж байсныг унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн “Баянмөнх” хорооллын 01 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /2021.09.14-ний 12:39 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид ажиллаж иргэн Б-гийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг унтраасан. Тус гал түймэрт иргэн О /14 настай, эмэгтэй/ угаартсан байсныг аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төв 103-т хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг багийн 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /2021.09.14-ний өдрийн 13:58 цагт/ тус аймгийн Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид ажиллаж иргэн Л-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор тааз шатаж байсныг унтраасан.

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар 1 дүгээр багийн “Зостын хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 52 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км/-т /2021.09.15-ны 00:15 цагт/ иргэн Б-гийн “УАЗ-469” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагаар /2021.09.15-ны 01:05 цагт/ тус аймгийн Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 5 хүн, 1 автомашинтай очиход автомашин бүрэн шатсан байсан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгийн 29 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар /2021.09.15-ны 02:15 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиж иргэн Ц-гийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

2021 он гарсааробьектын гал түймрийн 1834 тохиолдол бүртгэгдэж /гал түймэр дээр ажилласан 1095, зөрчил 608, мэдээлэл 131 тохиолдол бүртгэгдэж, 101 иргэний /том хүн 86, хүүхэд 15/  амь насыг аварч, гал түймэрт 45 иргэн /том хүн 27, хүүхэд 12, өөрийгөө шатаасан 5 том хүн/ өртөж нас барж, 31 иргэн /том хүн 29, хүүхэд 2/ түлэгдсэн, 30 иргэн /23 том хүн, 7 хүүхэд/ угаартсанаас, 1 иргэн /том хүн 1, хүүхэд 0/ угаартаж нас барж, 1008 мал 7 /бод 4, бог 1004/ хорогдсон.

2021.09.14-ний өдрийн байдлаар нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 6, мэдээллийн 1 тохиолдол бүртгэгдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top