Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 6-11м/с, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, Бороо орохгүй, Салхи баруунаас 5-10 м/с, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын баруун хэсгээр, 20-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 20-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2. Обьектын гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 09:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 09:46 цагт очиход иргэн Б-гийн 7х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 12:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 12:54 цагт очиход иргэн Н-ийн 3х3 метрийн хэмжээтэй жорлон бүрэн шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 22:13 цагт очиход Си-Арби загварын автомашины доторх салоны хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осолБулган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114 км/-т 08.31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан. 2021.09.16-ны өдрийн 10:30 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид анх усанд осолдсон “Уушгийн гарам гэдэг газраас зүүн зүгт 50 км “Цоохор морьтын гарам” гэдэг газар хүртэл урссан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг 20:01 цагт зогсоосон. 2021.09.17-ны өдрийн 07:00 цагт эрлийн ажиллагааг эхлүүлсэн.

Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн “Хужирт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 136 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ “Орхон” голын усанд 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 09.15-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид мөн өдрийн 19:50 цагт ангийн байрлалаас хөдөлж, 09.16-ны өдрийн 02:24 цагт Өлзийт суманд очиж хоноглоод 07:50 цагт голомтод очиж цогцос гаргах ажиллагааг эхлүүлсэн. Голын эргээс 50 метрийн зайд голын дунд орших арлаас 09:08 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.  /Уг цогцос нь 08.23-ны өдөр гэрээсээ мотоцикльтой гараад сураггүй болсон малчин Б (36 настай, эрэгтэй)-ынх болох нь тогтоогдсон./ 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top