“Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо

DSC6331.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран Архангай аймагт зохион байгуулж байгаа “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан туршлага солилцох сургалт, дадлага сургуулийн нээлт өнөөдөр боллоо.

Тус арга хэмжээнд сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Грегори Мэй, Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал, АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэгийн багийн дарга, ахмад Колин Аткинсон, Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.

Түүнчлэн энэ удаагийн сургалт, дадлагад АНУ, БНТУ, БНСУ, Япон улсын зочид төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд сургалтыг АНУ-ын Иргэн цэргийн харилцааг дэмжих багийн сургагч багш нар удирдан явуулж, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар анги, НОБГ, Өмнөд бүсээс Өвөрхангай, баруун бүсээс Завхан, хойд бүсээс Архангай, Булган, Хөвсгөл аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид хамрагдаж байгаа юм.

Сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа нь “Гамшгийн удирдлага”, “Команд штабын дадлага”, “Өндрөөс аврах олсны сургалт”, “Давчуу орон зайнаас аврах ажиллагаа”, “Нурангинаас аврах ажиллагаа”, “Хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа”, “Нэрвэгдэгчийг эрэмбэлэн ангилалт”, “Олон нийттэй харилцах”, “Хүмүүнлэгийн тусламжийн үеийн цэргийн дэмжлэг”, “Дууриалган үзүүлэх дадлага сургууль” гэсэн хэлбэрээр явагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top