1.Цаг агаар
Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт /түр зуурын хүчтэй аадар бороо, мөндөр/ бороо орсон.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Дорнод-Монголын тал нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11м/с. Өдөртөө 17-19 градус дулаан байна.
Төлөв байдал: 23-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-26-нд ихэнх нутгаар зарим үед 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 градус дулаан байна. 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст дулаахан байна.
2. Обьектын гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд тагтан дээр гал гараад байна гэсэн дуудлагыг 00:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 00:15 цагт очиход иргэн Б-гийн орон сууцны барилгын 3×2 хэмжээтэй тагтны хаалга, цонх шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан. Утаажилтын бүсээс 20 иргэнийг гаргасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт, Хэнтий аймгаас Улаанбаатар хот явах чиглэлийн төв замд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 2,5 км, сумын төвөөс баруун хойд зүгт 2,5 км/-т иргэн Д-гийн эзэмшлийн “Хонда акти” загварын ачааны автомашин, иргэн М-ийн “Приус-30” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины бүхээгийн хэсэгт хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2,5 км замыг туулан 14:40 цагт очиж, 5 минут ажиллан “Хонда акти” загварын ачааны автомашинаас 14:45 цагт иргэн Д /54 настай, эрэгтэй, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн харьяат/-ыг автомашинаас гаргаж, Хэнтий аймгийн Замын Цагдаагийн тасаг болон аймгийн эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт иргэн Б-гийн эзэмшлийн “Хьюндай истана” загварын суудлын автомашин хувийн орон сууц мөргөж, төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 21:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан, 22:02 цагт очиход иргэн Б-гийн эзэмшлийн “Хьюндай истана” загварын суудлын автомашин иргэн А-гийн эзэмшлийн 1 давхар амины орон сууцыг мөргөж, тус сумын харьяат иргэн Г /39 настай, эрэгтэй баруун хөлний өвдөгнөөс доош хугаралтай/ 2 хөл нь бүхээгт хавчуулагдсан байсныг 38 минут ажиллаж 22:40 цагт гаргаж сумын Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн их эмчид хүлээлгэн өгсөн.
Усны осол: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114 км/-т 08.31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид иргэн Л /44 настай, эрэгтэй/-ийг 09.20-ны өдөр анх осолдсон “Уушгийн гарам” гэдэг газраас зүүн зүгт “Цоохор морьтын гарам” гэдэг газар хүртэл 50 км-т завиар урсаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 09.21-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Нэмэлтээр аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид 09.20-ны өдөр очсон.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Ахмадын сувилал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 20 км, сумын төвөөс зүүн зүгт 3 км/-т “Хэрлэн” голд иргэн Г усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 20 км замыг туулан 17:40 цагт очиж, иргэн Г / Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, 52 настай, эрэгтэй, “Хэрлэн” голын усанд доошоо харсан байдалтай байсныг 1 цаг ажиллан цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Бусад төрлийн осол: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт бохирын шугамын нүх ухаж байсан ус хангамжийн инженер иргэн М, сантехникч иргэн Э нар 6 метрийн гүнтэй нүхэнд ажиллах явцад шороо нурж, цээж хэсэг нь дарагдсан тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 15:37 цагт очиж, иргэн М /28 настай, эрэгтэй/, Э /59 настай, эрэгтэй/ нар шороонд дарагдсан байсныг 40 минут ажиллан гаргаж, борлуулалтын хяналтын инженерт хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, /Баянбүрдийн тойргийн баруун хойд зүгт, төв замаас 35 метр/-т дулааны худгаас цогцос гаргуулах шаардлагатай байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас 15:34 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиж, 10 минут ажиллан дулааны худагт нэр, нас, хаяг тодорхойгүй 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гарган, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт нүхэн жорлонд хүүхэд унасан тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:33 цагт очиход Б /1 ой 3 сартай, эрэгтэй/ 1 метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг иргэд гаргасан. Хүүхдийн зүрхний хэм зогссон, амьсгалгүй байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн “Сайхан төв”-ийн ард хоёр иргэн шороонд дарагдсан тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 18:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 18:11 цагт очиход орон сууцны барилгын сантехникийн ажлын туслан гүйцэтгэгч 3 ажилчин нурангинд дарагдсан мэдээллийн дагуу эрэн хайх, аврах ажиллагаа явуулж, 18:15 цагт иргэн М /Завхан аймгийн харьяат, 16 настай, эрэгтэй/, 19:13 цагт Г / Улаанбатар хотын харьяат, 33 настай, эрэгтэй/ нурангинд дарагдсан байдалтай байсныг тус тус гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Буцалтгүй нэрвэгдэгч Э /Орхон аймгийн харьяат, 16 настай, эрэгтэй/ 19:15 цагт цогцсыг гарган 1 цаг ажиллан, Орхон аймгийн цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.
4.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Нийслэлийн Налайх дүүргийн 1, 8 дугаар хороонд 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16:00-17:00 цагийн хороонд тус дүүргийн хэмжээнд хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас дүүргийн 1, 8 дугаар хороо Баянзүрхийн 15, 16, 17 дугаар гудамж, Уурхайчдын 1, 2 дугаар гудамж, 4 дүгээр хороо, Их ам 1-5, 10, 11 дүгээр гудамж, 2 дугаар хороо 34, 63 дугаар байрны зоорийн хэсэг, 8 дугаар хороо Нарлагийн 12-16, 18 дугаар гудамж, 3 дугаар хорооны “ЦММОБ” хүнсний дэлгүүр усанд автсан дуудлага мэдээлэл 16 цаг 56 минутанд хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын алба хаагчид ажиллаж 18 хүний амь насыг авран хамгаалж 1 автомашиныг аюулгүй газарт гаргасан. Хохирол /1 дүгээр хороонд 3 айлын гэр нурсан, 8 дугаар хороонд 20 айлын хашаа нурсан, мөн дүүргийн 8 дугаар хороо Нарлагийн 1 дүгээр гудамжинд байрлах под станц усаар дүүрсэн/ тогийг салгаж, түгээх төвийн ажилтнууд станцыг хэвийн үйл ажиллагаанд оруулахаар ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР