Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо, Завхан аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, 8-10 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-ны өдөр баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 27-30-ны өдөр нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.

2. Обьектын гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороонд утаа гарч байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 13:12 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 13:20 цагт очиход 5х10 метрийн хэмжээтэй байрны өргөтгөлийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багт байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 17:58 цагт очиж, иргэн Д-гийн 3х3 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.    

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 21:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 21:14 цагт очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр, тавилгын хамт шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.        

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Жаргалант-Эко” хотхонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 01:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 02:00 цагт очиход иргэн Т-гийн эзэмшлийн “CLS-350” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.      

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн ‘’Цагаан-Овоо”-гийн уурхай гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 149 км-т, сумын төвөөс урд зүгт 35 км-т/ уурхайн тогтоол усанд 1 хүний цогцос байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 07:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 35 км замыг туулан 10:57 цагт очиж, тус сумын харьяат иргэн Н /29 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж, Эрдэнэдалай сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн Даян-Уул гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 50 км-т,  сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ Улиастай сумаас “Даян” уул руу 09.24-ний өдөр суудлын автомашинтай явсан 3 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 09.26-ны өдрийн 00:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ө /53 настай, эмэгтэй/, Б /44 настай, эмэгтэй/, Х /32 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 03:29 цагт “Даян” уулын байгаль хамгаалагчийн байрнаас тухайн иргэдийг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

4.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Уруйн үер: Өмнөговь аймгийн Номгон сумын төвд 09.25-ны өдрийн 08:46 цагийн орчимд түр зуурын усархаг бороо орсны улмаас 8 айлын гэр усанд автсан тухай мэдээллийг мөн өдрийн 08:46 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 300 метрт суваг татан үерийн усыг урсгаж аюулгүй болгосон.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд 09.25-ны өдрийн 16:50 цагийн орчимд түр зуурын усархаг бороо орсны улмаас 6 айлын гэр усанд автсан тухай мэдээллийг мөн өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид, “Цог-Өрнөх” ХХК, “Тэгш дүүрэн” ХХК-ийн ажилтнууд ажиллаж, суваг татан үерийн усыг урсгах, тухайн айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top