Онцгой байдлын байгууллагад Олон улсын ISO стандарт нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх талаар НОБГ-ын Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Төмөрмандахтай ярилцлаа.
– Олон улсын ISO стандартын талаар ярилцлагаа эхлүүлье. Ялангуяа төрийн тусгай алба Онцгой байдлын байгууллагад нэвтрүүлснээр ямар ач холбогдолтой вэ?
– Бизнесийн байгууллагууд стандартыг өрсөлдөөний орчинд удаан оршин тогтнох, алсын хараагаа тодорхойлох, хурдацтай хөгжих, ашиг орлогоо нэмэгдүүлэх зэрэг шаардлагын улмаас үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлэн бизнесээ тогтвортой явуулах боломжоо бүрдүүлсэн байдаг. Харин төрийн байгууллагын хувьд тэр тусмаа төрийн тусгай чиг үүрэг бүхий Онцгой байдлын байгууллагад Олон улсын ISO стандарт нэгдсэн менежментийн тогтолцоог системийн хэмжээнд нэвтрүүлснээр алсын хараа, эрхэм зорилго, стратеги зорилтдоо хүрэхэд байгууллагын үйл ажиллагааг зөв чиглүүлэх, нийгмийн бүх талуудад чанартай үйлчилгээг олгох замаар байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, сайжруулах, байгууллагын соёлыг бий болгохоос гадна гамшгаас хамгаалах үндэсний бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд чиглэсэн дотоод үйл ажиллагааг сайжруулах, гамшгаас хамгаалах удирдлагын системийг бэхжүүлэх үндэс суурь болох юм.
Бид нэгдсэн менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр, нэгдүгээрт үйл явцын зураглал гарган ажил үүргийн хуваарийг нарийвчлан гаргасан байна. Ингэснээр алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаж, мэргэжлээс шалтгаалах өвчнийг эрт илрүүлж, бууруулах боломж бүрдсэн байна. Алба хаагч, албан тушаалтны үүрэг хариуцлага тодорхой болно. Хоёдугаарт, үйл ажиллагааг багасгахын зэрэгцээ үр ашгийг дээшлүүлж зардал багасна. Шаардлагатай дүрэм журам бий болно. Олон улсын стандарт тул нэр хүндийг өндөрт өргөдөг, нийгмийн хариуцлага сайжрах зэрэг ач холбогдол ихтэй.
– Олон Улсын ISO стандартуудыг нэвтрүүлэх чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газарт ямар ажил хийж хэрэгжүүлсэн бэ?
– Нийслэлийн Онцгой байдлын газрын хувьд Олон Улсын ISO стандартыг нэвтрүүлэх ажлыг манлайлан оролцсон гэж хэлж болно. Мэдээж хэрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэхэд удирдлагын үүрэг, хүчин чармайлт хамгийн чухал юм. Бид нэг юмыг маш сайн ойлгох хэрэгтэй. Өнөөдөр орчин үеийн менежментийн чиг хандлагыг нэвтрүүлж, үйл ажиллагаандаа реформ хийх нөхцөл бүрдэж байгааг шат шатны алба хаагчдад ойлгуулж, ажиллах нь маш чухал юм.
Нийслэлийн Онцгой байдлын газраас Олон Улсын ISO стандартуудыг нэвтрүүлэх хүрээнд олон ажлыг эхлүүлэн хэрэгжүүлж байна. Алба хаагч бүр үйл ажиллагаа явуулахдаа мөрддөг хууль, дүрэм, журам, стандарт баримт бичгийг эрэмбэлэн ангилж, цаасан суурьтай болгон хадгалж, өдөр тутамдаа мөрдөж, ашиглаж байна. Энэ нь баримт бичгийн эмх цэгцийг сайжруулахаас гадна бүх алба хаагчид нэгдсэн нэг форматад ороод явна гэсэн үг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр Зөвлөл байгуулсан. Мөн НОБГ-ын алба хаагчдын ажлын байрны эрсдэлийн үнэлгээг тогтмол зохион байгуулж, эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. НОБГ-ын хүрээнд нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх дотоод аудитыг бүтцийн нэгжүүдэд 3 удаа зохион байгуулсан. Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, ач холбогдол, шаардлагыг ойлгуулах, байгууллагын онцлогт нийцүүлэх зорилгоор НОБГ-ын даргын тушаалаар бүтцийн нэгжүүдэд давхардсан тоогоор 64 удаа сургалтыг зохион байгуулан ажилласан.
– Олон Улсын ISO стандартуудыг нэвтрүүлсний дараах чухал шат бол үйл ажиллагаандаа нутагшуулах юм. Энэ үйл явц хэрхэн хэрэгжиж байна вэ?
– Ямарваа нэг туршлага, мэдлэгийг нутагшуулах, өөрийн болгож авна гэдэг бол амар зүйл биш юм. Нутагшуулахад тулгарч байгаа түгээмэл бэрхшээл гэвэл, ISO стандартын талаар зарим алба хаагчдын мэдлэг дутмаг, стандартын ач холбогдлыг ойлгохгүй байна. Одоо байгаа системийг өөрчлөх шаардлага заавал байна уу гэх эсэргүүцэлтэй тулгарч байна. Хэмжилтийн үр дүнтэй аргыг ашиглахгүй байх, зарим үйл ажиллагааг баримтжуулах боломжгүй, хэн юу хийх нь тодорхой биш, үе шат дамжлага ихтэй. Мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах арга барил дутмаг гэх мэт бэрхшээлүүд байна. Тиймээс бид энэ асуудлыг шийдвэрлэхээр үйл явцын процесс зураглалыг нарийвчлан гаргаж байгаа. Энэхүү үйл явцын зураглалаараа нэгдсэн менежментийн тогтолцооны гарын авлага-1-ийг гаргасан. Одоо хоёр дахийг гаргахаар НОБГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж байна.
– Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтууд хэрхэн зохион байгуулагдаж байгаа вэ?
– НОБГ-ын хэмжээнд 28 алба хаагчийг дотоод аудиторын сургалтад, 21 алба хаагчийг хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад тус тус сургасан. Мөн байгууллагын удирдах бүрэлдэхүүний сургалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
Тиймээс байгууллагын менежментийн баг буюу удирдлага өөрөө маш сайн байх ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрч, удирдлагын тогтолцооны стандартыг бий болгосон. Удирдлага өөрөө зөв стандарттай, зөв менежменттэй байвал бидний үйл ажиллагааны чанар тэр хэрээр сайн байна гэсэн тогтолцоо руу орсон гэж хэлж болно.
– Олон Улсын стандартыг нэвтрүүлснээр үйл ажиллагаанд ямар өөрчлөлт, үр дүн гарах вэ?
– Олон Улсын стандартууд бол үйл ажиллагааны бүтээмж болон үр дүнг сайжруулах батлагдсан ба шалгарсан арга юм. Стандартууд байгууллагуудад үйл ажиллагааныхаа үзүүлэлтүүдийг дээшлүүлэх, эрсдэлээ бууруулах, тогтвортой байдал болон байгаль орчны аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг үр дүн гарах юм.