Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймагт бороо, Завхан, Орхон, Увс, аймагт цас, Төв, Хөвсгөл аймагт цас, бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 7-12 м/с, түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, түр зуур 15-17 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10 дугаар сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас  орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна. 10 дугаар сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2. Ой, хээрийн гал түймэр:

Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багийн Цагаан нуга гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт, 95 км, сумын төвөөс зүүн зүгт 10 км/-т ой, хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 09.27-ны өдрийн 14:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Гал түймэр унтраах аврах 75 дугаар ангийн алба хаагчид, байгаль хамгаалагчид, сумын иргэд ажиллаж, 16:50 цагт цурманд оруулан унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар нийт 6 га орчим талбай шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top