1.Цаг агаар
Өнгөрсөн хоногт: Дорнод аймагт бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
Төлөв байдал: 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, уулархаг нутгаараа цасан шуурга шуурна. Салхи 1-нд Алтайн салбар уулсаар, 2-нд нутгийн зарим газраар, 3-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна. 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.
2. Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар багийн “Талын толгой” гэдэг газар “Ургамал, газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэн”-гийн тариан талбайд комбайн шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 19:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 20:07 цагт очиж тариан талбайд “Санто 20-50” комбайн загварын тусгай зориулалтын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороонд байшингийн дээврээс утаа гараад байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 10:17 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 10:26 цагт очиж иргэн Б-гийн 6×10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 3 иргэнийг гаргасан.
Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 11:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 12:04 цагт очиж иргэн С-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Зүлэгт багийн “Дайргын гол” гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 12:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 12:25 цагт очиж иргэн Д-гийн 13х18 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 19:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 20:17 цагт очиж иргэн П-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт П /52 настай, эрэгтэй/, нэр, нас хүйс тодорхойгүй 1 хүн, нийт 2 хүн өртөж нас барсан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багийн 21 дүгээр байрны гадна авто зогсоолд зөөврийн сууц шатаж байна гэсэн дуудлагыг 09.30-ны өдрийн 04:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 04:15 цагт очиж иргэн Ц-гийн 3х2 метрийн хэмжээтэй зөөврийн сууц шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн “Ботгоны хавцал’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км, сумын төвөөс баруун урд зүгт 50 км/-т “Пронтер” загварын ачааны автомашин замын хажуу руу онхолдож автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 09:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 50 км замыг туулан 10:20 цагт очиж иргэн М /29 настай, эрэгтэй/ нь нас барсан байсныг цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн. Иргэн Д /43 настай, эрэгтэй/ нь автомашины төмөр хийцэд 2 хөл нь хавчуулагдсан байсныг 30 минут ажиллаж эсэн мэнд гарган Манхан сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.
Усны осол: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 2 дугаар багт хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн 09.27-ны өдрийн 08:30 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд 09.28 өдрийн 08:00 цагийн орчим “Хэрлэн” голын эргээс 2 таягийг нь ар гэрийнхэн нь олсон, голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 08:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид тус сумын харьяат иргэн Э /54 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г эрэн хайх ажиллагааг 09.29-ний өдрийн 06:00 цагаас эхлэн “Улаан-Эрэг” гэдэг газраас “Хадан хошуу” гэдэг газар хүртэл 25 км-т, “Хэрлэн” голын усаар 60 км-т завьтай урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:20 цагт түр зогсоосон. 09.30-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 07:05 цагт таяг олдсон газраас зүүн зүгт 1.5 км зайд “Хэрлэн” голын уснаас цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР