ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгээс Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “Коронавируст халдварын цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” сэдэвт онол, практикийн бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.
Хурлын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга,бригадын генерал Б.Ууганбаяр, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцож, үг хэлсэн юм.
Энэ үеэр Гамшиг Судлалын Хүрээлэнгийн захирал, доктор, хурандаа Ж.Амгалан “Коронавируст халдвар цар тахлыг даван туулах чадавхид хийсэн шинжилгээ, цаашид авах арга хэмжээ”, МУЗН-ийн Эрүүл мэнд нийгмийн хамгааллын газрын дарга О.Номин “Коронавируст халдварын цар тахлын үед үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн талаар”, ҮБХИС-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор, профессор П.Цэдэв “Гамшиг, ослын үеийн харилцан ажиллагааны онол, арга зүйн үндэс”, Анагаах ухааны хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Б.Батболд “Ковид-19 цар тахлын хөл хорио хүүхдийн хөдөлгөөний идэвх, дэлгэц ширтэх хугацаанд нөлөөлөх нь”, АШУҮИС, докторант Б.Мөнх-Ундрах “Нийгмийн ноцтой байдал үүссэн үед халдварын голомтоос мэдээлэл цуглуулах цахим мэдээллийн программыг нэвтрүүлсэн үр дүн”, Үндэсний Батлан Хамгааллахын Их Сургуулийн АББХС-ын төвийн дарга, доктор, дэд профессор, хурандаа Б.Эрдэнэчимэг “БНХАУ-ын цар тахлын дэгдэлтийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн” судалгааны хүрээлэн, докторант П.Батжаргал “Коронавируст халдварт цар тахлын үе дэх амьдралын шинэ хэв маягт дасан зохицох чиглэлээр дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж буй зарим нийтлэг арга хэмжээ” стратеги нар тус тус илтгэл тавьж, мэдээлэл өгч байна.
Энэхүү онол, практикийн бага хурлаар коронавируст цар тахлын үе дэх амьдралын шинэ хэв маягт дасан зохицож буй талаарх бусад улс орны туршлага, сургамжаас суралцаж, салбарын болон салбар дундын хамтын ажиллагааг коронавируст халдварт цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хөгжүүлэх, амьдралын шинэ хэв маягт дассан зохицох нөхцөл боломжийг тодорхойлох юм.
Ингэснээр коронавируст цар тахлын үеийн шинэ хэв маягт дассан зохицоход салбаруудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухаанд суурилсан бодлого, шийдвэрийг гаргах аргазүйн талаар зөвлөмж гарах, шинэ хэв маягт дассан зохицоход шаардлагатай аргазүй, аргачлалын талаарх оролцогч талуудын мэдлэг, ойлголт нэмэгдэж, талуудын харилцан мэдлэг, туршлагаа хуваалцах хамтын ажиллагаа сайжрах нөхцөл бүрдэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.