1.Цаг агаар
Өнгөрсөн хоногт: Дархан, Орхон, Хөвсгөл, Хэнтий аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Өдөртөө 8-10 градус дулаан байна.
Төлөв байдал: 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6, 7-нд Алтайн уулархаг нутгаар, 8-нд нутгийн баруун хагаст түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна. 7-8-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.
2. Гал түймэр:
Дорноговь аймаг, Замын-Үүд сум. Сүлд багийн “Замын-Үүд өртөө-2”3 дугаар зам дээр нүүрс ачсан галт тэрэгний /544102/ дугаартай чингэлэгнээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 10.03-ны өдрийн 07:34 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 07:46 цагт очиход, “Замын-Үүд Өртөө-2” -ын 3 дугаар зам дээр зогсож байсан тус аймгийн Даланжаргалан сумын “Олон-Овоо” өртөөнөөс Бүгд найрамдах Хятад ард Улсын “Эрээн” өртөөний чиглэлд нүүрс тээвэрлэж явсан 2808 дугаар ачааны галт тэрэгний /544102/ дугаартай чингэлэгт нүүрс уугьж байсныг 32 минут ажиллан унтраасан.
Хөвсгөл аймаг, Ханх сум. Турт багийн “Хадан хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 281 км /-д байшин шатаж байна гэсэн мэдээллийг 10.03-ны өдрийн 22:09 цагт /22:14 цагт/ хүлээн авсан.
Ханх сумын Турт 3 дугаар багийн задгайд Г-ийн 7х6 хэмжээтэй дүнзэн байшин шатаж байсныг орон нутгийн иргэд нэг цаг ажиллан бүрэн унтрааж, галд өртөж нас барсан Г/39 настай, эрэгтэй/-ийн цогцсыг тус сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 12 дугаар хороо, Хангайн 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /01:54 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 02:00 цагт очиход иргэн Б-ын 7х6 хэмжээтэй байшин, иргэн Г-ын 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум. Хөндлөн хайлааст багийн “Өгөөмөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 245 км, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км/-т Бичигт боомтоос Дөхөмийн уурхай руу зорчиж явсан Өвөрхангай аймгийн харьяат иргэн А-гийн /31 настай, эрэгтэй/ эзэмшлийн “Хово” загварын ачааны автомашин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас Бичигт боомт руу зорчиж явсан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат иргэн С-ын /31 настай, эрэгтэй/ эзэмшлийн “Ланд-80” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, бүхээгийн төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.03-ны өдрийн 20:46 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 35 км замыг туулан 22:35 цагт очиж, 01:35 цаг ажиллан, автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан тус сумын харьяат Б/33 настай, эрэгтэй/, зорчигч С/39 настай эрэгтэй/, Г/32 настай эрэгтэй/ нарын 3 иргэнийг автомашинаас гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. Төв аймгийн Зуунмод сум “Номт” багийн харьяат 7 иргэн 10.02-ны өдрийн 12:30 цагийн орчим “Цэцээ гүн”-ий чиглэлд гараад буцаж буух үед 19:00 цагийн орчим иргэн Б төөрсөн тухай дуудлагыг 10.02-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан.
Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 10.02-ны өдрийн 23:17 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн. 10.03-ны өдрийн 08:30 цагт Б/33 настай эрэгтэй/ “Манзуширын хийд’’-рүү өөрөө бууж ирсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР