1.Цаг агаар
Өнгөрсөн хоногт: Баянхонгор аймагт цас орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 0-5 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 12-14 градус дулаан байна.
Төлөв байдал: 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, нойтон цас орно. Салхи 8-нд ихэнх нутгаар, 9-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурна, 7-нд Алтайн уулархаг нутгаар, 10-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8-наас нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст дулаан байна.
2. Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон 6 дугаар багийн нутагт “Билэг Монгол” эмнэлгийн дулааны шугамын худагт гал гарч байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 11:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 11:41 цагт очиход дулааны шугамын худгийн дулаалгын 1.5 метр хөөс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 08:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан 08:38 цагт очиход иргэн Ц-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн Дампилын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 11:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 1.1 км замыг туулан 11:10 цагт очиход иргэн О-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцогт багийн 8 дугаар гудамжинд 10.05-ны өдрийн 12:20 цагийн орчимд гэр шатсан тухай мэдээллийг 10.05-ны өдрийн 12:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан 12:24 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр бүрэн шатсан байсныг шалгаж, заавар зөвлөгөө өгөөд буцсан.
Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн “Сургууль” хороололд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 17:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 17:59 цагт очиход иргэн Ө-гийн 4 тн өвс шатаж байсныг 2 цаг 35 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 19:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 19:31 цагт очиход иргэн Б-гийн 10х12 метрийн хэмжээтэй байшингийн, 2х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Төв аймгийн Заамар сумын Төмөртэйн 2 дугаар багийн нутаг “Доргол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км, сумын төвөөс баруун зүгт 40 км/-т “Прадо-150” загварын автомашинтай 5 иргэн загасчилж байгаад “Туул” голыг гатлах үедээ автомашин нь усанд сууж 2 хүн голд осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн байгууллагаас 10.05-ны өдрийн 22:21 цаг хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 96 км замыг туулан 01:45 цагт очиж, 3 цаг 45 минут ажиллан осолдсон газраас зүүн хойд зүгт 1 км-т “Туул” голын уснаас 10.06-ны өдрийн 05:40 цагт Улаанбаатар хотын харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гарган Заамар сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн. Орхон аймгийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Цас шаварт суусан: Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн “Байрмын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км/-т автомашин цасанд суусан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 90 км замыг туулан 13:30 цагт очиход иргэн С-ийн “Ланд-80” загварын суудлын автомашин, иргэн К-ийн “Харриер” загварын суудлын автомашинууд замын хажуу талын жалга руу гулгаж орсон байсныг 2 цаг 20 минут ажиллаж гарган, хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР