1.Цаг агаар
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Архангай, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар бороо, Баянхонгор, Завхан, Увс Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 8-13 м/с, говь, тал, хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, 7-9 градус дулаан байна.
Төлөв байдал: 9-ний өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, нойтон цас, цас орж, 10-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-ны өдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-ний өдөр нутгийн зүүн хагаст 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 10-ны өдөр зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 9-ний өдөр ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
2. Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, компанийн агуулахын хашаанд харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 07:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 07:28 цагт очиход 3х3 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 14:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:00 цагт очиход иргэн Э-гийн эзэмшлийн “Норд бенз-НД4250” загварын зүтгүүрийн бүхээгийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
Булган аймгийн Хангал сумын Хялганат багийн “Дүгэрээ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 123 км-т/ өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 16:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:00 цагт очиход иргэн У-гийн “Бонго” загварын ачааны автомашинд тээвэрлэж явсан 1 тн өвснөөс 0.3 тн өвс шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 00:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 01:00 цагт очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр, иргэн А-гийн 5 ханатай гэр, 10 метрийн урттай хашаа тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Төв аймгийн Заамар сумын Төмөртэйн 2 дугаар багийн нутаг “Доргол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км, сумын төвөөс баруун зүгт 40 км/-т “Прадо-150” загварын автомашинтай 5 иргэн загасчилж байгаад “Туул” голыг гатлах үедээ автомашин нь усанд сууж 2 хүн голд осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн байгууллагаас 10.05-ны өдрийн 22:21 цаг хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 96 км замыг туулан 01:45 цагт очин эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 05:40 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Б /49 настай, эрэгтэй/-ийн цогцсыг осолдсон газраас зүүн хойд зүгт 1 км-т голын уснаас олж, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 10.07-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, компанийн ажилтнууд Улаанбаатар хотын харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г Лүн сумын Хайлааст багийн “Доргол” гэдэг газраас “Бетон гүүр” гэдэг газар хүртэл 70 км-т голын усаар завьтай урсаж, 5 метрийн гүнд 8 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу 25 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:14 цагт түр зогсоосон. Мөн өдрийн 15:21 цагт тухайн иргэдийн унаж явсан “Прадо-150” загварын суудлын автомашиныг “Туул” голоос татан гаргасан. 10.08-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Өндрөөс аврах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын дээврээс 2 хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 22:11 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 17 км замыг туулан 22:32 цагт очиход тус иргэн Б /42 настай, эрэгтэй, согтуу/, охин Б /16 настай, эмэгтэй/-гийн хамт шинээр баригдаж байгаа 10 метрийн өндөртэй барилгын торхны хөндлөвч төмөр дээрээс унаж болзошгүй байсныг эсэн мэнд буулгаж, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тамир багт иргэн Н 09.26-ны өдрийн 12:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон, эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 10.07-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 10.07-ны өдрийн 17:28 цагаас иргэн Н /27 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус сумын Тамир багийн “Төв цэвэрлэх байгууламж” гэдэг газраас Булган сумын Баянбулаг багийн “Сангийн толгойн гүүр” гэдэг газар хүртэл 12 км-т зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр мөн өдрийн 18:57 цагт зогсоосон.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Богд” уулын “Зайсангийн-Ам”, “Дугуй цагаан” гэдэг газрын чиглэлд 10.07-ны өдрийн 18:00 цагийн орчим 6 хүүхэд “Богд” ууланд алхалт хийж явснаас 1 хүүхэд төөрсөн тухай дуудлагыг мөн өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 20:20 цагт очиж, нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат, 11 дүгээр ангийн сурагч Т /16 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг “Дугуй цагаан” гэдэг газраас “Батширээт” гэдэг газар хүртэл 7 км-т зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 10.08-ны өдрийн 01:51 цагт түр зогсоосон. 10.08-ны өдрийн 05:12 цагт тухайн хүүхэдтэй утсаар холбоо тогтоож, “3 үгт хаяг” аппликейшн ашиглан байршлыг тогтоосноор нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Бугын сангийн аж ахуйн-Ам” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР