Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Говьсүмбэр, Дархан, Дорнод, Хэнтий, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар, аймгуудын нутгаар цас, Дорнод, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ.Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говь, талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 13-14-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймаг, Бугат сум Сүж багийн “Онгоцны бэлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 220 км сумын төвөөс урд зүгт 20 км/-т иргэн Д-ын 4 ханатай гэр, УАЗ 469 загварын суудлын автомашин 16:00 цагт шатсан тухай мэдээллийг 10.09-ний өдрийн 22:30 цагт цагт хүлээн авсан.

Тус сумын Сүж багийн даргаар ахлуулсан 20 км замыг туулан, 21:00 цагт очиход иргэн Д-ын 4 ханатай гэр, “УАЗ -469” загварын автомашин бүрэн шатсан байсан.

Дорноговь аймаг, Сайншанд сум: 2 дугаар багийн “Төмөр замын” гарам дээр иргэн Т-ын эзэмшлийн “Тоёота Приус” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 23:24 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:28 цагт очиход иргэн иргэн Т-ын эзэмшлийн “Тоёота Приус” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллан 23:33 цагт бүрэн унтрааж, тус аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэж өгсөн. 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 2 дугаар хороо, 5 дугаар хэсэг Дунд дарь эхийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01:48 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид тасаг 4 км замыг туулан 01:54 цагт очиход иргэн А-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Төв аймаг, Борнуур сум. Нарт багийн Шавартай гэдэг газарт /Аймгийн төвөөс хойд зүгт 162 км-т, сумын төвөөс баруун зүгт 18 км /-т “Дуган Хад” амралтын газарт канад хаус шатаж байна гэсэн мэдээллийг 10.10-ны 03:07 цагт хүлээн авсан.

Тус сумын Нарт багийн Засаг даргаар ахлуулсан 2 ажилтан 18 км зам туулан 04:25 цагт очиход иргэн Л-гийн 6х8 хэмжээтэй канад хаус бүрэн шатсан байсан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Төв аймаг, Заамар сум. Төмөртэйн 2 дугаар багийн “Доргол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ 5 иргэн загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цаг хүлээн авсан.

Орхон аймгийн харьяат иргэн О/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 10.09-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын  алба хаагчид, Шижир алт ХХК-ны ажилтнууд, ар гэрийнхний хамтаар Заамар”сумын Хайлааст багийн “Модон гүүр” гэдэг газраас “Тул харайдаг”  гэдэг газар хүртэл 25 километр завиар болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:55 цагт түр зогсоож, 10.10-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

Төөрсөн, сураггүй болсон: Говь-Алтай аймаг, Дэлгэр сум. Гуулин багийн “Цахир саравч” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км, сумын төвөөс баруун зүгт 18 км/-т 10.07-ны өдрийн 20 цагт иргэн Д. /13 настай, эрэгтэй/ гэрээсээ 3 км зайтай айл руу морьтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамт  эрэн хайх ажиллагааг 10.09-ний 06:00 цагт эхлүүлж, тус өдрийн 11:48 цагт иргэн Д/13 настай, эрэгтэй/ Гуулин тосгоноос баруун хойд зүгт 50 км-т Тайшир сумын “Хуримт” багийн иргэн Д-ынд очсон байсныг эсэн мэнд олсон тухай тус сумын Тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтэн мэдээллэсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Хэнтий аймаг, Баян-Адарга сум. Өмнөдэлгэр сумын Хурх багийн “Шар тал” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км, сумын төвөөс баруун зүгт зүгт 60 км /-т Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Баян-Адарга сумруу 3 автомашинтай, 16 зорчигч цасан шуурганд төөрсөн тухай дуудлагыг 10.09-ний өдрийн 08:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 10:30 цагт очиж 50 минут ажиллан / сумын төвөөс баруун зүгт 30км /-т Жаргалант багийн “Хамар даваа” гэдэг газарт “Приус 20”, “Микро автобус”, “Харриер” загварын 3 автомашинтай, 16 зорчигчийг эсэн мэнд олж, Баян-Адрага сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн.

Говьсүмбэр аймаг, Баянтал сум. 1 дүгээр багийн “Тэрэгт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 45 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т малчин Э, 10.09-ний өдөр 07:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай мэдээллийг тус өдрийн 09:50 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 11:25 цагт “Тэрэгт” гэдэг газраас 6 км-т Дорноговь аймгийн харьяат малчин Э/26 настай, эрэгтэй/-г эсэн мэнд олсон гэж тус сумын Засаг даргын орлогч мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон. 

Хэнтий аймаг, Батноров сум.Бэрх багийн “Арслантай хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 35 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км /-т 10.08-ны өдрийн 02:00 цагийн орчимд тус сумын иргэн Б-ын эзэмшлийн “Ланд Круйзер -200” загварын суудлын автомашин осолдож, жолоо барьж явсан иргэн сураггүй болсон тухай дуудлагыг 16:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид 40 км замыг туулан 17:30 цагт очиж, 10 км-ийн тойрогт 02:00 цаг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Тус аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт иргэн Б эмнэлгийн тусламж авсан талаарх мэдээлийг Цагдаагийн газраас өгсөн тул 19:30 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон. 

Цас шаварт суусан: Дорнод аймаг, Сэргэлэн сум. Галын гол багийн “Галын гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 60 км, Сумын төвөөс баруун урд зүгт 29 км/-т Дорнод аймгийн төвөөс Баян-Уул, Цагаан-Овоо сумын чиглэлд зорчиж явсан 6 автомашин, 30 орчим зорчигчтой шаварт суусан тухай дуудлагыг 22:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 60 км замыг туулан 00:10 цагт очиж, 02:20 цаг ажиллан, Дорнод аймгийн төвөөс Баян-Уул сумын чиглэлд зорчиж явсан “Истана”, “Приус-30”, “Приус-20”, “Тоёота Пийлдэр” загварын автомашин, нийт 4 автомашин, 21 зорчигчтой шаварт суусан байсныг гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top