1.Цаг агаар
Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 7-9 градус дулаан байна.
Төлөв байдал: 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 14-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
2. Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багаас зүүн хойд зүгт 15 км-т шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 13:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 15 км замыг туулан, 14:09 цагт очиход 2 га орчим газрын шар өвс шатаж байсныг 55 минут ажиллан бүрэн унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 16:41 цагт очиход иргэн Э-гийн 9х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 2-р баг “Ширээ нуруу” гэдэг газар Хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 13 км зам туулан очиход 54000 тн, 2700 боодол өвс шатаж байсныг хүч нэмэгдүүлэн 17:34 цагт 22 дугаар ангийн алба хаагчид нэмэлтээр 18:06 цагт мөн ангийн алба хаагчид болон 54-р ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай 2-р багийн “Эрдэнийн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс хойд зүгт 12 км/-т өвс ачсан “Бонго-3” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус сумын Тамгын газрын ажилтнууд 19:15 цагт мэдээ авч 12 км зам туулан 19:29 цагт, аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, 22 км зам туулан 20:36 цагт тус тус очиж иргэн М-ийн 2 тн өвс ачсан “Бонго 3” загварын ачааны автомашин, 10х16 харьцаатай өвөлжөө шатаж байсныг 54 минут ажиллаж 21:30 цагт бүрэн унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 22:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 22:34 цагт очиход иргэн Б-гийн 7х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Өвт” 5 дугаар баг 4 дүгээр хороонд оршин суугч иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн мэдээллийг 00:58 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан хүмүүс 30 минут ажиллаж 5 ханатай гэрт гарсан гал түймрийг бүрэн унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Зүүн өл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 29 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км /-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.12-ны өдрийн 11:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 12:57 цагт очиход 600 га талбай шатаж байсныг 33 минут ажиллан 13:30 цагт түймрийг бүрэн унтрааж тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад хүлээлгэн өгсөн.
4. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Сүүж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 261 км, сумын төвөөс баруун урд зүгт 21 км/-т, /Ө-42°59’24” У-108°58’48″/ 10.12-ны өдрийн 22:30 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 22:37 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогчоос тодруулахад “Сүүж” гэдэг газарт айл байхгүй, хохирол учраагүй, мөн сумын төвийн иргэдээс асуумж авахад чичирхийлэлт мэдрэгдээгүй гэж мэдээлсэн.
5. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Төв аймгийн Заамар Төмөртэйн 2 дугаар багийн “Доргол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ 5 иргэн (“Шижир алт” ХХК-ийн ажилтнууд) загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан. 10.12-ны өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, “Шижир алт” ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхэн Хайлааст багийн Доргинт гэдэг газраас Булган аймгийн Бүрэгхангай сумын Цоохор морьт гэдэг газар хүртэл 60 км-т завиар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоож, 10.13-ны өдрийн 07:30 цагт эхлүүлсэн.
Өндрөөс унах: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрны 9 дүгээр давхраас хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг 16:24 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 16:30 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Т /4 настай, эрэгтэй/ тагтны цонхоор унах гэж байсныг барилгын дээврээс аврах олс ашиглан тагтаар орж хаалгыг онгойлгон аварч, тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Баянгол багийн “Баянбулаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км, сумын төвөөс урд зүгт 35 км/-т малчин Г /51 настай, эрэгтэй/ 10.08-ны өдрийн 20:00 цагт малаа хариулахаар явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10.11-ний өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 10.12 -ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 16:50 цагт Г /51 настай, эрэгтэй/-ийн цогцсыг тус багийн “Баянгол” голын эрэг /анх алга болсон газраас хойд зүгт 5 км/-ээс олж, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР