УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн)-ийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Адъшаа танилцуулаад, хэлэлцэн дэмжиж өгөхийг хүсэв.
Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ё.БААТАРБИЛЭГ:
-Онцгой байдлын албан хаагчид гал усны гашуун зовлон дээр хамгийн түрүүн явж байдаг. УОК-ийн гол ачааг онцгой байдлын алба хаагчид үүрч байна. Цар тахалтай холбоотойгоор тэдний нийгмийн баталгаа, цалин хөлс дээр ямар өөрчлөлт орсон бэ? Олон жил ажилласны нэмэгдэл, урамшуулал 2022 оны улсын төсвийн тухай хуульд суусан уу, суулгах боломж бий юү?
Аюулгүй байдал, гадаад байдлын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Б.БАТТӨМӨР:
-Асуудлыг хэлэлцээд, манай байнгын хорооны гишүүд дэмжих нь зүйтэй гэж үзсэн.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.АРИУНБУЯН:
-Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа нийт албан хаагчдад улирал тутам нэмэгдэл, урамшил олгож байна. Мянга гаруй албан хаагч цар тахлын халдвар авсан. Хүн нэг бүрт 500 мянган төгрөгийн эмчилгээний тэтгэмж олгож ирсэн.
УИХ-ын гишүүн Ц.СЭРГЭЛЭН:
-Цар тахлын нөхцөл байдлын үед хэрэгжиж буй эрх зүйн акт энэ оноор дуусна. Цар тахлын нөхцөл байдал үргэлжилвэл яах вэ? Түүнээс ч аюултай байдал үргэлжилвэл яах вэ? Шинэ хууль бий болгохгүй бол болохгүй нь гэсэн бодолтой байна.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.АРИУНБУЯН:
-Цар тахлын хууль 12 дугаар сарын 31-нээр дуусгавар болж байна. Цаашид цар тахлын нөхцөл байдал хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй учраас хуулийн хэрэгжилт, явцад дүн шинжилгээ хийхээр ажиллаж байна. Түүнд үндэслэн цар тахлын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаад явна. Мөн Эдийн засгийн сэргэлтийн хууль хэлэлцэгдээд явж байна. Эргэж УИХ-д танилцуулагдана.
УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:
-Онцгой байдлын аврагчдыг би Цогбадрахтай адилтгаж боддог. Энэ байгууллагыг дэмжих нь төрийн том үүрэг. Цар тахлын үед онцгой байдлынхан үнэхээр сайн ажиллаж байна. Алслагдмал бүсэд ажиллаж буй онцгой байдлын албан хаагчдад урамшуулал олгох хуулийн төсөл санаачилж оруулж ирж байгаад талархалтай хандаж байна. Ховд аймгийн Зэрэг суманд онцгой байдлын нэгж байгуулах боломжтой юу?
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.АРИУНБУЯН:
-Ховд аймгийн Зэрэг суманд онцгой байдлын анги ажиллаж байна. 250-300 км-ын радиустай. Хөшөөтийн уурхайн ашиглалт, авто замын осол, бусад аюултай нөхцөл байдлаас хамгаалах нэгж байгуулах боломжтой.
УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:
-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 10-аад мянган хүн оршин сууж байна. Ундны усны машингүй байна. Үүнийг шийдвэрлэх боломж байна уу?
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.АРИУНБУЯН:
-Өмнөдэлгэрт усны машины хэрэгцээ шаардлага бий. Шийдвэр гаргаж, даруйхан шийдвэрлүүлье.
Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа.
Зарчмын зөрүүтэй 5 саналын томъёоллоор санал хураав. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Эх сурвалж: News.mn