1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Дорнод-Дарьгангын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0-5 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
Төлөв байдал: Бүх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
2. Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Төв аймаг, Сэргэлэн сум. 1 дүгээр багийн нутаг “Далантэмдэгт” гэдэг газар автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагаар /10.17-ны өдрийн 06:44 цагт/ Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 17 км замыг туулан 06:58 цагт очиход иргэн Д-ийн “Хово” загварын автомашины хойд дугуй шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймаг, Тариалан сум. Таван толгой багийн “Их-Эрхүүд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 193 км, сумаас зүүн урд зүгт 40 км/-т малчин О-гийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагаар /10.17-ны өдрийн 12:42 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 40 км замыг туулан 13:22 цагт очиход иргэн О-ын 480м2 хэмжээтэй малын хашаа, 8 тн өвс шатаж байсныг 3 цаг 01 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймаг, Тосонцэнгэл сум. Тээл багийн “Цагаан гүвээ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 83 км, сумын төвөөс баруун зүгт 18 км/-т иргэн О-ийн 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт 10.17-ны өдрийн 14:00 цагийн үед шатсан тухай мэдээллийг 10.17-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо, Баян-Уулын 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар /10.17-ны өдрийн 15:43 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 16:00 цагт очиход 8 дугаар гудамжинд иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум. Их-Уул багийн “Улааны хэл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 60 км, сумын төвөөс баруун урд зүгт 8 км/ ачааны автомашин 10.17-ны өдрийн 17:00 цагийн үед шатсан тухай мэдээллийг 10.17-ны өдрийн 20:24 цагт хүлээн авсан.
Орон нутгийн иргэд 8 км замыг туулан очиход иргэн П-ын “Портер” загварын ачааны автомашин шатаж байсныг 3 цаг 20 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум. 6 дугаар багийн “Дөрвөлж” хорооллын 9 дүгээр гудамжинд байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагаар /10.17-ны өдрийн 14:27 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 14:29 цагт очиход 9 дүгээр гудамжинд иргэн Б-ны 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 7 дугаар хороо, “Жаргалантын-Ам” амралтын газарт байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.17-ны өдрийн 17:14 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 17:36 цагт очиход иргэн Э-гийн 9х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 1 цаг ажиллаж, нэмэлт дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 21 км замыг туулан 17:50 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Шарын гол сум. Санжинт багийн Ойчдын 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.17-ны өдрийн 17:14 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 18:04 цагт очиход 8 дугаар гудамжинд иргэн Б-ны 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 36 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.17-ны өдрийн 23:50 цагт/ Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23:57 цагт очиход 36 дугаар гудамжинд иргэн Г-гийн 5х8 метрийн хэмжээтэй байшин дотор эд зүйлс шатаж иргэд өөрсдөө унтраасан байсан.
Тус гал түймэрт иргэн Г/44 настай, эрэгтэй/, Б/38 настай, эмэгтэй/ нар угаартаж, Н/13 настай, эмэгтэй/-ийн 2 гар, 2 хөл, нүүр, нуруу, хэвлийн хэсгээр тус тус түлэгдсэн байсныг НЯТТТөв 103-ын эмнэлэгт хүлээлгэн өгсөн.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Төв аймаг, Заамар сум. Төмөртэйн 2 дугаар багийн “Доргол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ “Шижир-Алт” ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан.
10.17-ны өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхний хамтаар тус сумын Хайлааст багийн “Доргонт” гэдэг газраас “Туулын гүүр” гэдэг газар хүртэл 35 км-т завиар урсаж, 3.5 мзтрийн гүнд 4 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар болон автомашинтайгаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:30 цагт түр зогсоож, 10.18-ны өдрийн 07:30 цагт эхлүүлсэн.
Бусад төрлийн осол: Өвөрхангай аймаг, Тарагт сум. Их булаг багийн “Дунд гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 14 км, сумын төвөөс зүүн урд зүгт 42 км/-т суудлын автомашин дотроо 5 зорчигчтой “Онги” голын усанд суусан тухай дуудлагаар /14:00 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 14 км замыг туулан 14:25 цагт очиход Баян-Өндөр сумаас Арвайхээр сумын чиглэлд зорчиж явсан иргэн М-ын “Тоёота Пропокс” загварын суудлын автомашин “Онги”-ийн голын усанд суусан байсанд автомашиныг 5 зорчигчийн хамт иргэн М/38 настай, эрэгтэй/, Б/78 настай, эрэгтэй/, Т/58 настай, эрэгтэй/, Х/65 настай, эмэгтэй/, И/35 настай, эмэгтэй/ нарыг 40 минут ажиллаж аварч гаргасан.
Увс аймаг, Баруунтуруун сум. Баян-Айраг багийн “Давхрын сүв” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км, сумын төвөөс баруун зүгт 21 км/-т ачааны автомашин элсэнд суусан тухай дуудлагаар /10.18-ны өдрийн 03:30 цагт/ тус аймгийн Онгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид 21 км замыг туулан 04:10 цагт очиход Тэс сумаас Баруунтуруун сумын чиглэлд зорчин явсан иргэн О-ийн “Бонго-3” загварын ачааны автомашин элсэнд суусан байсныг 01:20 цаг ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР