Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с.  Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 23-нд Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 18 дугаар хороо 44 дүгээр байрны урд автомашины гражаас утаа гараад байна гэсэн дуудлагаар /09:53 цагт/ Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 10:00 цагт очиход /эзэмшигч тодорхойгүй/ зам дагуу баригдсан 3×5 метр хэмжээтэй зэргэлдээ 2 граж дотор барилгын материал шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум. “Тоом” багийн “Ар гялаат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 115 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 49-км/-т иргэн А-ийн 5 ханатай гэр, “Мустанг-5” загварын мотоцикл, 3х3 метрийн хэмжээтэй амбаар, 10.17-ны өдрийн 15:00 цагт бүрэн шатсан тухай мэдээллийг 10.18-ны өдрийн 11:06 цагт хүлээн авсан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 19 дүгээр хороо, Газарчингийн 13-р гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /17:09 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 17:20 цагт очиход иргэн М-ын 16×4 метр хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хороо Чулуутын гүүрний 1-р гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагаар /19:34 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 19:50 цагт очиход иргэн Д-ын “Ниссан Кубе” загварын автомашин шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 4 дүгээр хороо, Их Наранд Чингэлэг дотор барилгын хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагаар /20:37 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 20:42 цагт очиход иргэн Э-ын /20тн/-ын чингэлэг дотор 2×2 м2 хэмжээтэй барилгын дулаалгын хөөс шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Булган аймаг, Булган сум. Рашаант багийн “Домын дэвсэг” гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.18-ны өдрийн 20:56 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан, 21:01 цагт очиход иргэн Б-ийн 11х8 хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.  

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 18 дугаар хороо, Бэлхийн 37-р гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /22:36 цагт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 12 км замыг туулан 22:47 цагт очиход иргэн Д-ийн 10х8 метрийн хэмжээтэй 1 давхар мансардтай байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 10 дугаар хороо “Зүүнбаян-Уул”-д гэр шатаж байна гэсэн дуудлагаар /02:11 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5,5 км замыг туулан 02:17 цагт очиход иргэн М-ийн 5 ханатай гэрийн тоононы хэсэг шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 15 дугаар хороо Жаргалантын 29-р гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /02:39 цагт/ Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 02:50 цагт очиход иргэн С-ын 4х5 метрийн хэмжээтэй оёдлын үйлдвэрийн дотор хэсэг, эд хогшил шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Завхан аймаг, Тосонцэнгэл сум. Улаантолгой багийн “Дэнж”-ийн 13-р гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагаар /10.19-ны өдрийн 04:14 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 04:17 цагт очиход иргэн О-ын хашаанд хураалттай байсан 6 тн /80 боодол/ өвс шатаж байсныг 60 минут ажиллан 05:18 цагт бүрэн унтраасан.

Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймаг, Орхон сум. Бэлэндалай багийн “Ажинт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 188 км, сумын төвөөс баруун урд зүгт 18 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.18-ны өдрийн 14:50 цагт /14:54 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, Орхон сумаас Байгаль орчны улсын хяналтын байцаагчид 15:42 цагт очиход 1 га талбай шатаж байсныг орон нутгийн иргэд унтраасан байсан.

Хэнтий аймаг, Норовлин сум. Ангирт багийн “Авсад Хайрхан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 200 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.18-ны өдрийн 15:40 цагт /16:01 цагт/ хүлээн авсан.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 16:10 цагт түймрийг цурамд оруулж, мөн өдрийн 16:25 цагт бүрэн унтрааж, байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Нийт 400 га талбай шатсан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 19 дүгээр хороо, Депогийн автобусны буудлын дэргэд зам тээврийн осол гарч хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг 11:16 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 8 км замыг туулан 11:31 цагт очиход “Портер” загварын ачааны автомашин гэрлийн шон мөргөж, жолооч О/33 настай, эрэгтэй/ -ийг ЯТТТ-ийн 103-ын эмч авч явсан, бүхээгт хавчуулагдсан байсан Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат иргэн Б/33 настай эрэгтэй/-г 15 минут ажиллан гаргаж, ГССҮТ-д хүргэх замд нас барж, цогцсыг тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргад шилжүүлэн өгсөн.

Усны осол: Төв аймаг, Заамар сум. Төмөртэйн 2 дугаар багийн “Доргол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ “Шижир-Алт” ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан.

10.18-ны өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхний хамт тус сумын “Туулын гүүр” гэдэг газраас Тосон багийн “Мон Политент”-ын уурхай хүртэл 50 км-т  3.5 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар болон автомашинтайгаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:50 цагт түр зогсоож, 10.19-ний өдрийн 07:30 цагт эхлүүлсэн.

Бусад төрлийн осол: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 7 дугаар хороонд бага насны хүүхэд гэртээ цоожлогдсон гэсэн дуудлагыг 11:41 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 9 км замыг туулан 11:44 цагт очиж айлын тагтаар дамжин тус айлд орж хаалгыг дотроос нь нээж З/1настай, эрэгтэй/-ыг иргэн Н-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top