Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчдын хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадвар, гал түймэр унтраах шуурхай удирдлага зохион байгуулалт, гал унтраах шуурхай карт, төлөвлөгөөг чанаржуулах зорилгоор батлагдсан удирдамжийн дагуу нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Гал түймэр унтраах, аврах 68 ангийг хамруулсан бөгөөд Гал түймэр унтраах, аврах ангиуд Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Заавар батлах тухай” А/135 дугаар тушаалын дагуу 1001 гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөө, 969 шуурхай карт шинэчлэн боловсруулж, унтраах үйл ажиллагаанд ашиглахаар бэлтгэлээ.
Түүнчлэн Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч, салаан захирагч, алба хаагчдад “Галын аюулгүй байдлын тухай” хууль, “Гал түймэр унтраах дүрэм”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм”, Амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үед дагаж мөрдөх дүрэм”, “Объектын болон ой, хээрийн гал түймэр унтраах үйл ажиллагаанд зориулсан тусгай хувцас, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийг ашиглах журам”-ын хүрээнд танхимын сургалт явуулж, томоохон хэмжээний объектын болон ой хээрийн гал түймэр гарсан тухай цагийн байдлын дагуу хээрийн дадлага сургуулийг зохион байгуулсан юм.
Мөн Гал түймэр унтраах, аврах ангиудын бэлтгэл бэлэн байдлыг хангах хүрээнд “Гал унтраах анги, хэсэг, аврах нэгжид тавих шаардлага MNS 6412:2013 стандарт”-ын дагуу ханцуйн тэмдэг, хамгаалалтын дуулга, гал унтраах зориулалтын автомашины өнгө, тэмдэглэгээг сэргээн жигдрүүлж, гал түймэр унтраах штабт ашиглагдах 68 зөөврийн ширээг бэлтгэлээ.
Гал унтраах штабт ашиглагдах зөөврийн ширээ нь томоохон хэмжээний объектын болон ой, хээрийн гал түймрийг унтраах үйл ажиллагааг зохион байгуулахад ач холбогдолтой юм гэж Онцгой байдын ерөнхий газраас мэдээллээ.