“Цацрагийн ослын бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт сургалт, дадлага зохион байгууллаа

245369705_907457623488023_6037858285974386593_n.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 228 дугаар тогтоолоор батлагдсан “Цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны улсын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулах, цацрагийн ослын үед ажиллах мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиг үүргийг тодотгох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас Цөмийн энергийн комиссын ажлын алба, Зэвсэгт хүчний жанжин штаб,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “Цацрагийн ослын бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Тус сургалт, дадлагад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Төрийн тусгай хамгаалалтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, зэрэг 10 байгууллагын 40 гаруй төлөөлөл оролцсон.

Сургалт, дадлагын хугацаанд Монгол Улсын цацрагийн ослын бэлэн байдал хариу арга хэмжээ, Олон улсад гарсан цөмийн болон цацрагийн ослын сургамж, “Цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны улсын төлөвлөгөө”-ний танилцуулга зэрэг сэдвээр хичээл орж, цацрагийн бохирдолд хэмжилт хийх болон ариутгал цэвэрлэгээний автомашин механизмтай танилцлаа.

Мөн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Тахилт дахь сургалт, дадлагын талбайд цацрагийн ослын нөхцөлд мэдээллийг шуурхай дамжуулах, хариу арга хэмжээ авах төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, ажиллагаанд оролцож буй албан хаагчдын цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг хангуулах, албан хаагч болон тоног төхөөрөмж, техник хэрэгслийн цацрагийн бохирдлыг арилгах зэрэг сургалт дадлагыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдлыг хангуулах, ослын нөхцөлд ажиллах, хариу арга хэмжээ авах сургалт, дадлага нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулах, хариу арга хэмжээг оновчтой төлөвлөх, ослын хор уршгийг хязгаарлах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдыг авах тун багасгахад чухал ач холбогдолтой юм.

Дашрамд дурьдахад 2017-2019 онд ОБЕГ-ын Үндэсний аврах бригад “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалтыг 3 удаа, 2018-2020 онд Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангитай хамтран “Эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгох нь” “Цацрагийн ослын үеийн мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагаа” сэдэвт дадлага, сургуулилт тус тус зохион байгуулж, Дархан, Эрдэнэт, Булган аймагт эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгох ажиллагааг амжилттай зохион байгуулсан билээ гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

scroll to top