1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с. Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Цэлмэг. Зөөлөн салхитай, 7-9 градус дулаан байна.
Төлөв байдал: 23-ны өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар, 24-ний өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 23-ны өдөр Алтайн салбар уулсаар 14-16 м/с, 24-ний өдөр нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
2. Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймаг, Цагаан-Уул сум. Жаргалант багийн “Дэнж” хорооллын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.19-ний өдрийн 17:15 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 17:17 цагт очиход иргэн И-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.
Төв аймаг, Баянчандмань сум. Эрдэнэ багийн “Харангийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 111 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 4 км-т/ байшин шатсан тухай мэдээллийг 10.19-ний өдрийн 19:32 цагт хүлээн авсан.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 4 км замыг туулан 19:36 цагт очиход иргэн Г-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 21 минут ажиллан унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум. Цөх багийн “Номтын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 14 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.20-ны өдрийн 01:24 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 01:44 цагт очиход, иргэн Б-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум. Малчин багийн “Бараат” хогийн цэгт эмнэлэгийн аюултай хог хаягдал шатаж байна гэсэн дуудлагаар /10.19-ний өдрийн 19:40 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 20:03 цагт очиж 3 цаг ажиллаж унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 18 дугаар хороо, Салхитын 1 дүгээр буудлын дэргэд суудлын автомашин жалга руу унах гэж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 00:37 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах анги-105-ийн алба хаагчид 12 км замыг туулан 00:55 цагт очиход иргэн Б-ын “Дема” загварын суудлын автомашин жалганы ирмэгт тэгнэн зогссон байсныг татан гаргасан.
Усны осол: Төв аймаг, Заамар сум. Төмстий багийн “Доргонт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ “Шижир-Алт” ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан.
10.19-ний өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхний хамтаар тус сумын Хайлааст багийн “Эх тохой” гэдэг газраас тус багийн “Бригадын тохой” гэдэг газар хүртэл 60 км-т, Хайлааст багийн “Тул харайдаг” гэдэг газраас Булган аймгийн Бүрэгхангай сумын “Цоохор морьт” гэдэг газар хүртэл 40 км-т завиар болон голын эрэг дагуу явганаар болон автомашинтайгаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:20 цагт түр зогсоож, 10.20-ны өдрийн 07:30 цагт эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР