Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:   Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 2-7 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.     

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай, 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 24-нд Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 23-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с, 24-нд нутгийн зарим газар, 25-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Өмнөговь аймаг, Ханбогд сум. Хайрхан багийн “Хайрхан-Овоо” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 140 км-т/ ачааны автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагаар /10.20-ны өдрийн 16:13 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 140 км зам туулан 18:10 цагт очиход “Их даваа-Уул” ХХК-ийн “Норд бенз ND-4251” загварын автомашины хойд дугуй шатсаны улмаас ачиж явсан 66 тн нүүрс шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.    

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 34 дүгээр хорооны “Толгойт”-ын 55 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.20-ны өдрийн 08:53 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 09:08 цагт очиход иргэн Б-ын 3х7 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 11 дүгээр хорооны “Ногоон нуур”-ын “Задгай”-д Байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.20-ны өдрийн 09:56 цагт/ Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 10:02 цагт очиход эзэнгүй, хуучирсан 15х40 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 3 цаг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 20 дугаар хорооны “Бэлх”-ийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.20-ны өдрийн 13:59 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8 км зам туулан 14:06 цагт очиход иргэн М-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 30 минут, хүч нэмэгдүүлэн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 16.5 км зам туулан очиж 1 цаг 10 минут тус тус ажиллаж унтраасан. 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Сүх багийн 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.20-ны өдрийн 18:24 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 18:32 цагт очиход иргэн М-ийн 8×5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан. 

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. 2 дугаар багийн 9 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагаар /10.20-ны өдрийн 20:05 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 20:09 цагт очиход иргэн Ж-ын 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.

Архангай аймаг, Эрдэнэбулган. Хоршоолол багийн “Мухарын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 33 км-т/ малчин айлын гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан.

Тус сумын харьяат малчин А-ын 5 ханатай гэр 10.20-ны өдрийн 17:45 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга 18:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Буур хээр багийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.21-ний 02:24 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 02:31 цагт очиход иргэн П-ийн 6×14 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Т/70 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Төв аймаг, Заамар сум. Төмстий багийн “Доргонот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ “Шижир-Алт” ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан.

10.20-ны өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхний хамтаар 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг тус сумын Хайлааст багийн “Бетон гүүр”-ээс Булган аймгийн Бүрэгхангай сумын “Цагаан давааны-Ар” гэдэг газар хүртэл 120 км-т завиар, голын эрэг дагуу 80 км-т автомашинаар, 2.5 метрийн гүнд 1 удаа шумалт хийж, 2 дугаар бүлэг Булган аймгийн Бүрэгхангай сумын “Цоохор морьт” гэдэг газраас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Өлзийтийн нуга” гэдэг газар хүртэл 120 км-т завиар эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:50 цагт түр зогсоосон. 10.21-ний өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top