Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Завхан голын эхээр 1-6 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи 24-нд нутгийн зарим газар, 26-нд тал, хээрийн нутгаар, 27-нд Алтайн салбар уулс болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 25-нд өдөртөө бага зэрэг сэрүүснэ.

2. Гал түймэр:

Объектын түймэр. Архангай аймаг, Эрдэнэбулган сум. “Цагаан даваа” багийн 37 дугаар гудамжинд хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар /10.22-ны өдрийн 14:34 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 14:39 цагт очиход иргэн О-ны 5х5 метрийн хэмжээтэй байшин, 4х5 метрийн хэмжээтэй граж, иргэн З-гийн “Тоёота Пилдер” загварын /улсын дугаар тодорхойгүй/ автомашин шатаж байсныг 27 минут ажиллан унтраасан.

Төв аймаг, Зуунмод сум. “Номт баг” /аймгийн төвөөс хойд зүгт 2 км/-т “Мон пүрүүт” хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагаар /10.22-ны өдрийн 15:41 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:45 цагт очиход иргэн Д-ын 8×7 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүр шатаж байсныг 22 минут ажиллан унтрааж, тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /21:22 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 21:33 цагт очиход иргэн О-ийн 7х6 метрийн хэмжээтэй байшингийн хана, тааз шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 1 дүгээр хороонд гал гарч байна гэсэн дуудлагаар /00:21 цагт/ Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 00:26 цагт очиход 25х30 метрийн хэмжээтэй /эзэнгүй, ашиглалтаас гарсан/ 2 давхар орон сууцны дотор хэсэг шатаж байсныг 50 минут ажиллан унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Төв аймаг, Заамар сум. Төмстэй багийн “Доргонот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ “Шижир-Алт” ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан.

10.22-ны өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхний хамт тус сумын Төмстэй  багийн нутаг “Доргонот” гэдэг газраас Хайлааст багийн “Бетон гүүр” хүртэл 35 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:43 цагт түр зогсоож, 10.23-ны өдрийн 08:00 цагт эхлүүлсэн.

Уулын осол: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 11 дүгээр хороо, “Богдхан-Уул”-нд алхаж яваад хөлөө хугалсан гэсэн дуудлагаар /14:15 цагт/ Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 9 км замыг туулан 14:35 цагт очиход “Богдхан-Уул”-ын “Дугуй цагаан” гэдэг газарт иргэн С/35 настай, эмэгтэй/-ийн баруун хөлний шилбэ хугарсан байсныг дамнуурга ашиглан уулнаас буулгаж Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн.

Цас шаварт суусан: Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 4-р хороо, “Дивизийн гарам” гэдэг газар “Ланд Круйзер-77” загварын автомашинтай 3 иргэн “Хэрлэн” голын усанд суусан гэсэн дуудлагаар /13:17 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 17 км замыг туулан 14:39 цагт очиход “Хэрлэн” голд иргэн Б-ын автомашин сууж, тус автомашины бүхээг дээр иргэн Г/33 настай, эрэгтэй/, С/33 настай, эмэгтэй/, Б/33 настай, эрэгтэй/ нар гарсан байсныг аврах завь ашиглан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top