1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3-8 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 8-10 градус дулаан байна.
Төлөв байдал: 25-ны өдөр говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 28-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 26-ны өдөр тал, хээрийн нутгаар, 27-ны өдөр Алтайн салбар уулс болон Дорнод, Дарьгангын тал нутгаар, 28-ны өдөр зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
2. Гал түймэр:
Объектын түймэр: Ховд аймаг, Жаргалант сум. Алагтолгой багийн 11 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагаар /10.23-ны өдрийн 12:09 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:14 цагт очиход иргэн О-ийн 6х4 метрийн хэмжээтэй амбаарт хураалттай байсан 0.3 тн аргал шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 21 дүгээр хороо, “Жамсран-Уул”-ын 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар /10.23-ны өдрийн 12:24 цагт/ Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 12:35 цагт очиход иргэн Ү-ийн 6 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймаг, Баян-Уул сум. Заяат багийн “Гялсахын гурван давааны-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 170 км-т/ өвөлжөөнд хураасан өвс шатаж байна гэсэн дуудлагаар /10.23-ны өдрийн 14:45 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан 17:05 цагт очиход малчин Б-ын 2.5 тн орчим өвс шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймаг, Хархорин сум. Орхон багийн “Бага-Элстэй” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагаар /10.23-ны өдрийн 18:53 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 19:29 цагт очиход иргэн Б-ийн “Портер” загварын ачааны автомашины бүхээгийн хэсэг шатсаныг тус автомашиныг жолооч Н унтраасан байсныг шалгасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас мэдэгдсэн.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 2 дугаар хороо, Толгойтын 48 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар /10.23-ны өдрийн 23:37 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:45 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Уг гал түймэрт иргэн Н/75 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгч, иргэн Э/65 настай, эмэгтэй/ угаартсан байсныг нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн.
Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 5 дугаар хороо, Бага гүний 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.24-ний өдрийн 01:41 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 01:48 цагт очиход иргэн А-ын 6х4 метрийн хэмжээтэй байшингийн 4х3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, “Их хьюндайн-Ам”-ны 20 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.24-ний өдрийн 02:12 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 35 км замыг туулан 03:14 цагт очиход иргэн О-ийн 6х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Хээрийн түймэр: Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум. Ланз багийн “Ганц мод” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км-т, сумын төвөөс урд зүгт 45 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Асгат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 20:15 цагт цурамд оруулж, 22:20 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны байцаагчдад нарт хүлээлгэн өгсөн. Түймэрт урьдчилсан байдлаар 3000 орчим га талбай шатсан.
Хэнтий аймаг, Галшар сум. Оч багийн “Ихрийн цагаан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 60 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 15:52 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид, Галшар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд мөн өдрийн 19:40 цагт очиход орон нутгийн иргэд түймрийг унтраасан байсныг шалгаж, Галшар сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт урьдчилсан байдлаар 40 орчим га талбай шатсан тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Төв аймаг, Заамар сум. Төмстий багийн “Доргонот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ “Шижир-Алт” ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан.
10.23-ны өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид ар гэрийнхний хамт тус сумын Хайлааст багийн нутаг “Монополын гүүр” гэдэг газраас Булган аймгийн Бүрэгхангай сумын “Цоохор морьт” гэдэг газар хүртэл 45 км-т, Заамар сумын Төмстий багийн “Доргонот” гэдэг газраас “Туулын гүүр” гэдэг газар хүртэл 35 км-т завиар урсаж, голын эрэг дагуу явганаар болон автомашинтайгаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:55 цагт түр зогсоож, 10.24-ний өдрийн 08:00 цагт эхлүүлсэн.
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын даргын шийдвэрээр Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах нохойн алба, нийслэлийн Аврах-105 дугаар ангийн алба хаагчдыг эрэлч нохой, эрэлч нохойтойгоор хүч нэмэгдүүлэн ажиллахаар 10.23-ны өдрийн 15:10 цагт хөдөлгөөн үйлдэж, 10.24-ний өдрийн 00:20 цагт очсон.
Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Хатгал тосгоны Хөшөө багт иргэн Т /17настай, эмэгтэй/ 10.23-ны өдрийн 16:00 цагийн орчим гэрийнхэнтэйгээ маргалдаад гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Ар талын 115 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, Захирагчийн ажлын албаны ажилтнууд, Ерөнхий боловсролын сургуулийн ажилтнууд иргэн Т/17 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Хатгал тосгоны төвөөс баруун хойд зүгт “Цахир толгой” гэдэг газар хүртэл 3 км-т, “Дамжлага баазын гүүр” гэдэг газраас “Эгийн голын гүүр” гэдэг газар хүртэл 7 км-т, гэрээс нь баруун зүгт “Хөшөөт толгой” гэдэг газар хүртэл 5 км-т явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 10.24-ний өдрийн 00:10 цагт зогсоосон. Орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР