УОК-ын даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаар тушаалаар нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор коронавируст халдвар /Ковид-19/ тархалтаас урьдчилан сэргийлэх, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт халдварын тархалтыг багасгах, хилийн боомт болон улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, экспортыг нэмэгдүүлэхэд үүсч буй хүндрэлийг арилгах үүрэг бүхий Шуурхай бүлгийг томилоод байна.
Тухайлбал, Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллах Шуурхай бүлгийн ахлагчаар ОБЕГ-ын дэд дарга, Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ажиллах бол Өмнөговь аймагт ажиллах Шуурхай бүлгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахлан ажиллаж байна.
Шуурхай бүлэг Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн Онцгой комиссоос коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, халдвар хамгааллын дэглэм сахиулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хяналт тавих, зөвлөмж өгөх, аймаг, сумын онцгой комисс, шуурхай штабын үйл ажиллагааг чиглүүлэх, Засгийн газар, УОК-ын шийдвэрийн хэрэгжилт, хилийн боомт орчмын нөхцөл байдалтай танилцаж, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, байгууллага, салбар нэгж хоорондын үйл ажиллагаа, хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, зөвлөмж, чиглэлээр хангаж ажиллах юм.
Мөн Өмнөговь аймгийн болон хилийн “Гашуунсухайт” боомт, суурьшлын бүсэд коронавируст халдвар /Ковид-19/-ын эерэг болон сэжигтэй тохиолдлыг тусгаарлан ажиглах, халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээнд үнэлгээ өгөх, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, ариутгал, халдваргүйтлийн бодис, эм, тарианы нөөц, эмч, эмнэлгийн мэргэжилтний хүний нөөцийн хуваарилалт, халдвар хамгааллын дэглэмийн нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах юм.
Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд ОБЕГ, ГЕГ, МХЕГ, ХӨСҮТ зэрэг холбогдох байгууллагын мэргэжилтнүүд ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.