1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нийт нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Цэлмэг. Зөөлөн салхитай. 13-15 градус дулаан байна.
Төлөв байдал: 28-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар, 29-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 30-нд Монгол-Алтайн уулсаар, 31-нд Алтайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 31-нд Алтайн уулархаг нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 29-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүсч, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
2. Гал түймэр:
Объектын түймэр: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 21 дүгээр хороо, Сэлбийн 26 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /13:39 цагт/ Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 13:44 цагт очиход иргэн А-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хороо, Дэнжийн 3 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагаар /17:03 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 17:18 цагт очиход иргэн Б-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Багахангай дүүрэг. 2 дугаар хороо, “Бор-Үзүүр” гэдэг газрын 6 дугаар гудамжинд малын саравч шатаж байна гэсэн дуудлагаар /21:09 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 21:18 цагт очиход иргэн Б-ын 20х15 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 25 дугаар хороо, Одонтын 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /21:12 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 21:19 цагт очиход иргэн А-ийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 35 минут ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 18 дугаар хороо, Яргайтын 19 дүгээр гудамжинд гараж шатаж байна гэсэн дуудлагаар /04:18 цагт/ Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 04:27 цагт очиход иргэн Ч-ын 5х4 метрийн хэмжээтэй гаражийн дээврийн хэсэг, 2х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Сэлэнгэ аймаг, Мандал сум. “Баян-Арцат” багийн “Худалдааны” 02 тоотод /аймгийн төвөөс зүүн урд зүгт 219 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 4 км/-т байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагаар /10.26-ны өдрийн 22:12 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 22:16 цагт, хүч нэмэгдүүлэн Улаанбаатар Төмөр замын Гал унтраах тасгийн ажилтнууд 22:27 цагт очиход иргэн Б-гийн 12х10 хэмжээтэй байшин, 7х7 хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг 1 цаг 34 минут ажиллан 23:50 цагт бүрэн унтрааж иргэн М-д хүлээлгэн өгсөн.
Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин багийн “Атаа гол” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн зүгт 335 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 140 км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 10.24-ний өдрийн 23:00 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 11:18 цагт очиж, хүч нэмэгдүүлэн Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын Байгаль орчны байцаагчид гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул 18:30 цагт түр зогсоож, 10.27-ны өдрийн 06:00 цагт унтраах үйл ажиллагааг эхлүүлсэн.
Хэнтий аймаг, Галшар сум. Баянбадрал багийн “Зүүн адаг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 75 км, сумын төвөөс хойд зүгт 75 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.26-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 75 км замыг туулан 22:15 цагт очиход орон нутгийн иргэд 300 га талбай шатаж байсныг 21:25 цагт бүрэн унтраасан байсныг тус сумын Засаг даргын орлогчид хүлээлгэн өгсөн.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Төв аймаг, Заамар сум. Төмстий багийн “Доргонот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ “Шижир-Алт” ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан.
10.26-ны өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, эрэлч нохойтойгоор, ар гэрийнхний хамт 2 бүлэг болон хуваагдаж 1 дүгээр бүлэг Хайлааст багийн “Доргонот” гэдэг газраас “Туулын гүүр” гэдэг газар хүртэл 35 км-т завиар, 25 км-т явганаар, 2 дугаар бүлэг мөн багийн “Тул харайдаг” гэдэг газраас “Монполийн гүүр” гэдэг газар хүртэл 20 км завиар урсаж, голын эрэг дагуу 45 км эрэлч нохойтой явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:37 цагт түр зогсоож, 10.26-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Төөрсөн, сураггүй болсон: Дархан-Уул аймаг, Шарынгол сум. “Санжинт” багийн “Буянтын нарийн жалга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 68 км, сумын төвөөс урд зүгт 12 км/-т 10.26-ны өдрийн 05:00 цагт тус сумын харьяат /сэтгэцийн өөрчлөлттэй/ иргэн Б/33 настай, эмэгтэй/ гэрээсээ гараад сураггүй алга болсон гэсэн дуудлагыг тус сум дахь Цагдаагийн хэлтсээс 15:00 цагт хүлээн авсан.
Тус сум дахь, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг 16:30 цагт 5 км-ийн зайд явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт түр зогсоож, 10.27-ны өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР