Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундед 12-14 метр хүрч ширүүснэ.  Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-ний өдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 30-ны өдөр зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 31-ний өдөр Алтайн уулархаг нутгаар, 11 дүгээр сарын 1-ний өдөр баруун аймгуудын нутгийн зарим газрар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 29-ний өдөр говь, тал, хээрийн нутгаар, 31-ний өдөр Алтайн уулархаг нутгаар, 11 дүгээр сарын 1-ний өдөр зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. 29-ний өдөр нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсанАрхангай аймгийн Жаргалант сумын 10.27-ны өдрийн 08:41 цагт www.fires.ru сайтад түймрийн цэг илэрч тус аймгийн Онцгой байдлын газарт шалгахыг мэдэгдсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газраар дамжуулан шалгуулахад малчин Э-гийн 9х10 метрийн хэмжээтэй өвөлжөө, 3.5 тн орчим боодлын өвс 10.26-ны өдрийн 12:00 цагийн орчим шатаж, орон нутгийн хүмүүс ажиллаж, мөн өдрийн 17:00 цагт унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга 10.27-ны өдрийн 09:45 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багт гэр шатаж байна дуудлагыг 10.27-ны өдрийн 12:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 12:05 цагт очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Багабаян” энхийн төлөө цогцолбор төвд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 15:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 11 км замыг туулан 15:38 цагт очиход 8х15 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 1.5х6 метрийн хэмжээтэй үүдний амбаар тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.            

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 15:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:46 цагт очиход иргэн У-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.       

Завхан аймгийн Баянхайрхан сумын Төөнөт багийн “Сулийн пойл” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 325 км-т, сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ автомашин шатсан тухай мэдээллийг 10.27-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг дарга Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, иргэн Д-гийн “Аксент” загварын суудлын автомашин шатсаныг унтраасан тухай Баянхайрхан багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.    

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багт цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 21:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 21:05 цагт очиход тус байрны 3 дугаар орцны зоорийн давхарт цахилгаан хуваарилах самбар, цахилгааны шугам шатаж байсныг 36 минут ажиллаж унтраасан.  

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн “Хөх Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90 км-т, сумын төвөөс баруун зүгт 36 км-т/ ноос тээвэрлэж явсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 22:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 90 км замыг туулан 00:12 цагт очиход Даланзадгад сумаас Улаанбаатар хотын чиглэлд 6 тн ноос тээвэрлэж явсан иргэн О-гийн “Хино профия” загварын ачааны автомашин шатаж байсныг 42 минут ажиллан унтраасан.       

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 05:21 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 05:29 цагт очиход иргэн Э-гийн “Смайл” хүнсний дэлгүүрийн 4 ширхэг хөргөгч шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 10 хүнийг аюулгүй газарт гаргасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Атаа гол” гэдэг газар  /Аймгийн төвөөс зүүн зүгт 335 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 140 км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 10.24-ний өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын Байгаль орчны байцаагчид ажиллаж, 10.27-ны өдрийн 18:25 цагт цурамд оруулж, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Хавчуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 225 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.27-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 14:35 цагт цурамд оруулж, 21:00 цагт бүрэн унтрааж, “Онон-Балжийн байгалийн цогцолборт газар”-ын хамгаалалтын захиргааны даргад хүлээлгэн өгсөн. Түймэрт урьдчилсан байдлаар 36 га талбай шатсан.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн “Сөдийн худаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 120 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 03:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 05:00 цагт түймрийн голомт руу хөдөлсөн.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн “Хөтөл” хорооллын автозамын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдөж, 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 01:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 01:40 очиход иргэн З-гийн жолоодож явсан “Исузу” загварын ачааны автомашин, иргэн М-ийн жолоодож явсан “Соната-7” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, тус аймгийн Дархан сумын харьяат иргэн М /46 настай, эрэгтэй/ суудлын автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдан нас барсан байсныг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Усны осол: Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн “Доргонот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ “Шижир-Алт” ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан. 10.27-ны өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэн Хайлааст багийн “Доргонот” гэдэг газраас “Хөвдөг гүүр” гэдэг газар хүртэл 35 км-т, “Дүүжин гүүр” гэдэг газраас Булган аймгийн Сэлэнгэ сумын “Цоохор морьт” гэдэг газар хүртэл  47 км завиар урсаж, Хайлааст багийн “Хөвдөг гүүр” гэдэг газраас “Тул харайдаг” гэдэг газар хүртэл 20 км-т эрэлч нохойтой явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:30 цагт түр зогсоож, 10.28-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.    

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т/ “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ суудлын автомашин живж, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид мөн өдрийн 07:00 цагт хөдөлсөн.

Төөрсөн, сураггүй болсонДархан-Уул аймгийн Шарынгол сумын “Санжинт” багийн ”Буянтын нарийн жалга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 68 км, сумын төвөөс урд зүгт 12 км/-т, 10.26-ны өдрийн 05:00 цагт тус сумын харьяат иргэн Б /33 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ гэрээсээ гараад сураггүй алга болсон гэсэн дуудлагыг тус сум дахь Цагдаагийн хэлтсээс 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10.27-ны өдрийн 11:05 цагт сумын төвөөс 17 км-т Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Хар морьт” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Өлзийт багийн “Бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 182 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 2 км-т/ тус сумын харьяат иргэн Э 10.27-ны өдрийн 20:45 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Э /60 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:48 цагт гэрээс нь 3 км-т “Мод үржүүлэг” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top