Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дундговь, Хэнтий аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ.

Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар 12-14 м/с, 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд ихэнх нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 3-наас баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд зогсоол дээр машин шатаж байна гэсэн дуудлагыг 06:59 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 07:03 цагт очиход иргэн З-гийн “Тоёото Камри” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан 11:20 цагт очиход иргэн Э-гийн 9х15 метрийн хэмжээтэй байшин, иргэн О-гийн 4 ханатай гэр, иргэн Б-гийн 20 метрийн хэмжээтэй хашаа шатаж байсныг 2 цаг ажиллан унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 13.5 км замыг туулан 12:09 цагт очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэршанд багийн “Авдархараат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 110 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.29-ний өдрийн 22:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Хилийн 0132 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж 10.30-ны өдрийн 16:00 цагт түймрийг бүрэн унтрааж сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт 22500 га хээрийн талбай шатсан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Урт багийн “Эрдэнийн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 205 км, сумын төвөөс баруун урд зүгт 25 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.30-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Цагаан-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 10.30-ны өдрийн 16:50 цагт гал түймрийг бүрэн унтрааж, сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт 3200 га хээрийн талбай шатсан.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 7 км/-т Алтанбулаг сумаас Сүхбаатар сумын чиглэлд зорчих хэсгийн зам дээр иргэн М-ийн жолоодож явсан “Гацуурт” ХХК-ийн эзэмшлийн “Форд” загварын дизель түлш ачсан ачааны автомашин, иргэн Б-гийн “Тоёота премио” загварын суудлын автомашинтай мөргөлдөж “Форд” загварын дизель түлш ачсан ачааны автомашин замын хажуу руу унаж дизель түлш асгарч байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 18:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 19:00 цагт очиход 4.5 тонн түлшний  багтаамжтай “Форд” загварын ачааны автомашин /2.5 тонн дизель түлштэй/ замын хажууруу унаж 20 литр дизель түлш асгарч байсныг 19:45 цагт аюулгүй болгон, автомашиныг татан босгож, жолооч М-ийг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн. “Тоёота премио” загварын суудлын автомашины жолооч Б согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Усны осол: Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн “Доргонот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ “Шижир-Алт” ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан. 10.30-ны өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэн 2 бүлэг болон хуваагдаж 1 дүгээр бүлэг Хайлааст багийн “Туулын гүүр” гэдэг газраас “Монполиментийн дүүжин гүүр” гэдэг газар хүртэл 30 км завиар урсаж,  2 дугаар бүлэг мөн багийн “Хөвдөг гүүр” гэдэг газраас “Туулын гүүр” гэдэг газар хүртэл 20 км завиар урсаж,  мөн эрэлч нохойтой голын эрэг дагуу 45 км явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:10 цагт түр зогсоож, 10.31-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т/ “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, тус сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /40 настай, эрэгтэй/-ийг  эрэн хайх ажиллагааг 2 хэсэг болон 1 дүгээр хэсэг нуурын усанд 8 удаа шумбалт хийж, 2 дугаар бүлэг “Хөтөл ус” нуурын эрэг болон нуураас зүүн зүгт  “Бургастайн ухаа” гэдэг газар хүртэл 13 км-т явганаар зохион байгуулж ажиллахад үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул 19:10 цагт  түр зогсоож, 10.31-ний 07:00 цагт эхлүүлсэн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top