Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Хөвсгөл, Хэнтий аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундед 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0-5 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал: 31-нд Алтайн уулархаг нутгаар, 11 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 31, 11 дүгээр сарын 2-нд Алтайн уулархаг нутгаар, 11 дүгээр сарын 1-нд зарим газраар секундэд 12-14 метр, 3-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 3-наас баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд “Дөрвөн-Өлзийт Трейд” ХХК-ийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 11:27 цагт хүлээн авсан. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 11:35 цагт очиход “Дөрвөн Өлзийт Трейд” ХХК-ийн 20х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 09:34 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 09:41 цагт очиход иргэн Д-гийн 10х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Шовдол багийн “Шовдол” хороололд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 10:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 10:11 цагт очиход иргэн Т-гийн хашаанд 1 тонн өвс, улсын дугааргүй, “Эстима” загварын автомашины бүхээг тус тус шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 13:08 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 13:14 цагт очиход иргэн Э-гийн 6х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн том өрөө болон дээврийн хэсэг, 9х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн баруун талын гадна хэсэг тус тус шатаж байсныг байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 13:19 цагт очиход иргэн Ю-гийн 6х4 метрийн хэмжээтэй байшин, 1х1 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн “Хүүхдийн-Овоо” гэдэг газар /сумын төвөөс буруун урд зүгт 3 км/-т ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 05:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 05:30 цагт очиход иргэн Э-гийн “Норд Бенз” загварын ачааны автомашины урд дугуй шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэршанд багийн “Авдархараат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 110 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.29-ний өдрийн 22:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0132 дугаар ангийн Авдархараат 5 дугаар заставын алба хаагчид, орон нутгийн иргэд, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 10.29-ний өдрийн 22:30 цагаас эхлэн түймрийг унтраахаар ажиллаж байна.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Ногоон дов” гэдэг газар Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлийн автозамын 125-126 дугаар км-ын тэмдгийн дэргэд /аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км, сумын төвөөс баруун урд зүгт 70 км/-т автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.29-ний өдрийн 19:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 80 км замыг туулан 20:28 цагт очиход “Норд Бенз Д2” загварын автомашин, “Бонго Жи-3” загварын автомашинтай мөргөлдөж “Бонго Жи-3” загварын автомашины жолооч иргэн Ц /36 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг 15 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Усны осол: Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн “Доргонот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ “Шижир-Алт” ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан. 10.29-ний өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэн 2 бүлэг болон хуваагдаж 1 дүгээр бүлэг Хайлааст багийн “Уулс Заамар” ХХК-ийн уурхайн амнаас “Хөвдөг гүүр” гэдэг газар хүртэл 40 км-т, 2 дугаар бүлэг мөн багийн “Доргонт” гэдэг газраас “Хөвдөг гүүр” гэдэг газар хүртэл 45 км-т завиар, мөн эрэлч нохойтой голын эрэг дагуу 45 км явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:10 цагт түр зогсоож, 10.30-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т/ “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид иргэн Б /40 настай, эрэгтэй/-ийг 10.29-ний өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:15 цагт түр зогсоож, 10.30-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Төөрсөн, сураггүй болсонХөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Цагаан бэлчир багийн “Дайхын хөндий” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 11 км-т/ тус сумын харьяат иргэн Б 10.27-ны өдөр автомашинаар Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 09:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги, Цагдаагийн тасгийн 1 алба хаагчид, Хатгал тосгоны захирагчийн ажлын алба, Хатгал тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн ажилтнууд, орон нутгийн иргэд Хатгал тосгоны Дэнж багийн харьяат иргэн Б /52 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 2 бүлэгт хуваагдан зохион байгуулсан. 1 дүгээр бүлэг Цагаан бэлчир багийн “Дайхын хөндий”, “Баруун харгана”, “Цагаан хясаа”, Баясгалант багийн “Харганы даваа” гэдэг газраар 90 км-т, 2 дугаар бүлэг Шувуут багийн “50-100 энергийн төв”-өөс “Эгийн гол” гэдэг газраар 129 км-т тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.29-ний өдрийн 10:20 цагт Алаг-Эрдэнэ сумын Яргис багийн “Адууны-Ам” гэдэг газар Хатгал тосгоноос баруун зүгт 13 км-т амиа хорлосон байдалтай байсныг олж цогцсыг аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн.

Бусад төрлийн осол: Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо “Хэрлэн” голын “Дивизийн гарам” гэдэг газар 2 иргэн автомашинтай “Хэрлэн” голын усанд суусан тухай дуудлагын 10.29-ний өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 16 км замыг туулан 19:01 цагт очиход “Ниссан А Икс-7” загварын суудлын автомашинтай иргэн Т /33 настай, эрэгтэй/, А /34 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээг дээрээ гарсан байдалтай байсныг 40 минут ажиллаж 2 хүнийг автомашины хамт “Хэрлэн” голын уснаас гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top