Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Завхан, Увс, Хөвсгөл аймгуудад цас орж, Говь-Алтай, Завхан, Ховд аймгуудад шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс 6-11 м/с, бусад нутгаар баруун өмнөөс зүүн хойш эргэж 9-14 м/с, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр зарим үед 18-20 м/с, түр зуур 24 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус хүйтэн, говь, талын нутгаар 9-14 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ.

Төлөв байдал: 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 7-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 8-нд Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6-нд говь, талын нутгаар 16-18 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 5/Б дүгээр хэсгийн ногооны талбайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 15:47 цагт очиход иргэн Ч-гийн 7х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 16:49 цагт очиход иргэн П-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшин, 3х6 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан. Тус гал түймрийн утаажилтын бүсээс иргэн Х (55 настай, эрэгтэй)-ийг гаргасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 17:40 цагт очиход иргэн Н-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 28 дугаар байрны дэргэд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 18:28 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 18:31 цагт очиход тус байрны дэргэд иргэн Б-гийн “Toёота Приус-20” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Ой, хээрийн гал түймэр: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн “Ухаа-Овоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 90км, сумын төвөөс зүүн урд зүгт 40км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11.03-ны өдрийн 11:42 цагт хүлээн авсан. Тус сумын малчид 1 цаг 32 минут ажиллаж, 13:10 цагт түймрийг бүрэн унтрааж, сумын Иргэдийн хурлын даргад хүлээлгэн өгсөн. Тус гал түймэрт 6 га талбай шатсан.

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дээд эвэртэйн адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 190 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 2 цаг 35 минут ажиллаж, 18:35 цагт түймрийг бүрэн унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэж өгсөн. Гал түймэрт нийт 70 га талбай шатсан.

3. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Архангай аймгийн Хангай сумын Тэрх баг “Мөрөнгийн зүүн жалга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 270 км, сумын төвөөс баруун зүгт 40 км/-т, /Ө- 47°44’24.0” У- 99°01’48.0”/ 11.03-ны өдрийн 09:04 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 09:11 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Тэрх багийн даргаас тодруулахад хохирол учраагүй бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн гэж мэдээлсэн.

Архангай аймгийн Хангай сумын Чандмань багийн “Баруун- Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 256 км, сумын төвөөс баруун зүгт 26 км/-т, /Ө-47078”, У-99°09”/ 11.03-ны өдрийн 14:59 цагт 3.9 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 15:04 цагт ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Тэрх багийн даргаас тодруулахад хохирол учраагүй иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй гэж мэдээлсэн.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т/ “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан. 11.03-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, мөн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Б /40 настай, эрэгтэй/-ийг  эрэн хайх ажиллагааг 2 бүлэгт хуваагдан зохион байгуулсан. 1 дүгээр бүлэг “Хөтөл-Ус” нуурын усанд завиар урсан 3 удаа шумбалт хийж, 2 дугаар бүлэг “Хөтөл-Ус” нуурын эрэг дагуу 15 км тойрогт явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:30 цагт түр зогсоож 11.04-ний өдрийн 07:00 цагт эхлүүлсэн. Мөн “Хөтөл-Ус” нуурын усны түвшинг багасгах зорилгоор экскаватороор нуурын хойд эргийг сэтэлж 300 метрийн урттай шуудуу ухаж усыг урсгах ажлыг зохион байгуулснаар усны түвшин эргээс 4 м, мандлаас 40 см-ээр багассан.

5. Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга: Ховд аймгийн Манхан сумын Тахилт, Улаанхүрээ, Зэрэг гол багуудад иргэн А-гийн 5 ханатай гэр, иргэн Н-ийн 5 ханатай гэр, иргэн Э-гийн 6 ханатай гэр, Зэрэг сумын Бургасан багт иргэн Г-гийн 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг 11.03-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг тус багуудад ажиллаж байна гэж мэдээлсэн.

Ховд аймгийн Цэцэг сумын Хажинг багийн “Зүүн хөвөө” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 220 км, сумын төвөөс 5 км/-т 11.03-ны өдрийн 16:10 цагт 18-24 м/с шороон шуурга шуурсны улмаас “Мөст цэвэрлэх булаг” ХХК-ийн ажилчдын амрах байрны дээвэр хуурч “Норд Бенз” загварын 2 автомашин дээр унаж, автомашины цонх хагарсан мэдээллийг 18:00 цагт хүлээн авсан. Тус компанийн ажилтнууд ажиллаж аюулгүй болгосон.

Ховд аймгийн Зэрэг сумын Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Баруун хаяа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км, сумын төвөөс баруун хойд зүгт 12 км/-т 11.03-ны өдрийн 07:00 цагт 18-24 м/с шороон шуурга шуурсны улмаас тус сумын чиглэлийн 35 кв-ын ЦДАШ-ын 287 дугаар тулгуур хугарч Зэрэг, Дарви, Манхан, Цэцэг сумдуудын цахилгаан тасарсан гэсэн мэдээллийг 11.03-ны өдрийн 23:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн ажилтнууд 17:00 цагт хөдөлгөөн үйлдсэн.

Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Цагаан-Арал” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 129км, сумын төвөөс хойд зүгт 11км/-т Дарви сумаас Жаргалант сумын чиглэлд “Тоёота Пробокс” загварын суудлын автомашинтай зорчин явах үед 16м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас суудлын автомашины салхины шил хагарч, шаварт суусан тухай дуудлагыг 11.03-ны өдрийн 10:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 10:22 цагт очиход суудлын автомашин шаварт суусан байсныг 5 минут ажиллан 10:27 цагт татан гаргаж иргэн Д-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top