Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос 6-11 м/с, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс зүүн хойш эргэж зарим үед 16-18 м/с, түр зуур 24 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, хүйтэрч 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 6-ны өдөр говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 7-ны өдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 8-ны өдөр Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар, 9-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-ны өдөр говь, талын нутгаар 16-18 м/с, 8-ны өдөр говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 14 дүгээр хороо, “Вайт синикс” ХХК-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагаар /11.04-ний өдрийн 12:57 цагт/ Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 13:03 цагт очиход “Вайт синикс” ХХК-ийн 9х15 метрийн хэмжээтэй байшингийн гадна талын хананы хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 9 дүгээр хороо, Горькийн 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /11.05-ны өдрийн 00:40 цагт/ Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 00:50 цагт очиход иргэн Д-ын 6×8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум. Жаргалант багийн 7 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагаар /11.05-ны өдрийн 04:39 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 04:42 цагт очиход иргэн Д-гийн хашаа шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Ой, хээрийн түймэр: Хэнтий аймаг, Батширээт сум. Барх багийн “Мухар” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 140 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 11.04-ний өдрийн 16:46 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 18:20 цагт цурамд оруулж, 19:30 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 0.2 га орчим талбай шатсан.

Сүхбаатар аймаг, Мөнххаан сум. Баянтэрэм багийн “Ширдэгт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км-т, Түмэнцогт сумаас баруун урд зүгт 40 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11.04-ний өдрийн 15:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 16:45 цурамд оруулж, 17:10 цагт бүрэн унтрааж, Мөнххаан сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт урьдчилсан байдлаар 40 га орчим талбай шатсан.

Хэнтий аймаг, Баян-Адарга сум. Сайхан багийн “Лонхтын баруун салаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11.04-ний өдрийн 15:58 цагт хүлээн авсан.  

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан ажиллаж, мөн өдрийн 19:00 цагт цурамд оруулж, 19:30 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргын орлогчид хүлээлгэн өгсөн. Түймэрт малчин Ж-гийн 5 ханатай 1 гэр, 4 ханатай 1 гэр, өвөлжөө, 1.8 тн өвс өртсөн. Урьдчилсан байдлаар 1000 га орчим талбай шатсан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Дундговь аймаг, Сайнцагаан сум. Наран багийн “Бөөр дэрс” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 14 км-т/ 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.04-ний өдрийн 17:35 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 19:51 цагт очиход Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Сино транк-ZZ5707” загварын зогсож байсан ачааны автомашины хойд талаас “Королла” загварын суудлын автомашин /1 зорчигчтой/ мөргөж,  жолооч Ц /42 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж,  аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн. Тухай иргэн эмнэлэгт очсоны дараа нас барсан тухай эмнэлгийн байгууллагаас мэдэгдсэн.

Усны осол: Хэнтий аймаг, Баянмөнх сум. Баянбулаг багийн “Эрэгмэг”гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т/ “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан.

11.04-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги алба хаагчид, мөн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Б/40 настай, эрэгтэй/-ийг  эрэн хайх ажиллагааг 2 бүлэгт хуваагдан зохион байгууллаа. 1 дүгээр бүлэг “Хөтөл-Ус” нуурын усанд завиар урсан 15 удаагийн шумбалт хийж, усны түвшинг багасгах зорилгоор нуурын хойд хэсэгт 400 метрийн урттай, 3 метрийн өргөнтэй, 3 метрийн гүнтэй шуудуу татах /нуурийн гүн 160 см байна/ ажлыг зохион байгуулсан. 2 дугаар бүлэг “Хөтөл-Ус” нуурын эрэг дагуу явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:30 цагт түр зогсоож 11.05-ны өдрийн 07:30 цагт эхлүүлсэн.

Төөрсөн, сураггүй болсон: Төв аймаг, Алтанбулаг сум. Замт багийн “Тариатын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 51 км-т, сумын төвөөс урд зүгт 80 км-т/ Иргэн Н 10.31-ний өдрийн 16:00 цагийн орчим Улаанбаатар хот руу явна гэж явганаар гараад сураггүй болсон. Орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газраас 11.03-ны өдрийн 20:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, эрэлч нохойтой, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамтаар иргэн Н/51 настай эрэгтэй/-ийг тус “Тариатын-Ам” гэдэг газар 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 11.05-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Булган аймаг, Орхон сум: Арбулаг багийн “Зүрхний могой” гэдэг газар /аймгийн зүүн урд зүгт 45 км-т, сумын зүүн урд зүгт 20 км-т/ малчин Э/54 настай, эрэгтэй/ 11.04-ний өдрийн 10:00 цагийн орчим мал хариулахаар морьтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 00:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамтаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 02:53 цагт гэрээс нь зүүн урд зүгт 40 км-т Арбулаг багийн “Тоотын хонхор” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Бусад төрлийн осол: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 12 дугаар хороонд 6 дугаар давхрын цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 08:41 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 10:54 цагт очиход тус байрны 3 дугаар орцны 6 давхарт оршин суугч иргэн С/30 настай, эрэгтэй, согтуу/ цонхны тавцан дээр сууж, унаж болзошгүй байсныг ярилцлага хийн буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

4. Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга: Ховд аймаг, Чандмань сум. Урд гол баг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км-т, сумын төвд/ 10.04-ний өдрийн 09:00 цагийн орчим 20-24 м/с-ийн хүчтэй түр зуурын хүчтэй шороон шуурга шуурсан.

Шуурганы улмаас тус сумын “Өвс тэжээлийн фонд”-ын хашаа, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хашаа, хүүхдийн тоглоомын талбайн 2 сүүдрэвч, 1 гулгуур, сумын Төв цэнгэлдэх талбайн 40 метрийн урттай хашаа болон 19 өрхийн хашаа нурсан, мөн 1 гараашийн дээвэр нурж иргэн Д-ын “Вангорд” загварын суудлын автомашин дарагдсан тухай мэдээллийг мөн өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг хохиролын үнэлгээг тогтоохоор ажиллаж байна.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР        

      

scroll to top