1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 8-10 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 7-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 10-нд Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 9,10-нд тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 11-16 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 9-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
2. Гал түймэр:
Объектын түймэр: Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Хутаг багийн “Цагаан бургас” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 8 км-т/ “Занаадуу ферм” мал нядалгааны байшин, тоног төхөөрөмж шатсан.
Тус сумын Засаг даргаар ахлуулсан иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг 11.05-ны өдрийн 21:21 цагт тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Дундговь аймаг, Сайнцагаан сум. 7 дугаар багийн “Задгай”-д Нүүрс шатаж байна гэсэн дуудлагаар /11.05-ны өдрийн 10:40 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 10:42 цагт очиход “Ариун болор” ХХК-ийн хашаанд нүүрс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 32 дугаар хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагаар /11.06-ны өдрийн 05:50 цагт/ Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 10 км зам туулан 06:02 цагт очиход “Дөлгөөн транс” ХХК-ийн хашаанд 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж улмаар “Хово” загварын өөрөө өргөгч автомашин өртөн шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагаар /11.05-ны өдрийн 09:50 цагт/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 14 км зам туулан 07:15 цагт очиход иргэн Г-ын 6×6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 21 дүгээр хорооны 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар /11.05-ны өдрийн 13:46 цагт/ Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 29.5 км зам туулан 14:20 цагт очиход иргэн М-ын 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 28 дугаар хорооны 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /11.05-ны өдрийн 17:04 цагт/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 17:13 цагт очиход иргэн А-гийн 9х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймаг, Хархорин сум. Ганган-Орхон багийн 4 дүгээр гудамжны 9 тоот Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 21:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 21:15 цагт очиход иргэн Б.Бямбабаярын 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 20 дугаар хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагаар /11.06-ны өдрийн 00:27 цагт/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8 км зам туулан 00:38 цагт очиход иргэн Г-гийн 6х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймаг, Мандал сум. Баянхангай багийн 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /11.06-ны өдрийн 04:59 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 05:05 цагт очиход иргэн У-ын 8х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 44 минут ажиллаж унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Дархан-Уул аймаг, Дархан сум. Малчин багийн “Буурал хангай” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 12 км-т/ 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид 1 хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 08:06 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 12 км зам туулан 08:20 цагт очиход Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан “Приус-41” загварын суудлын автомашин дугуйт өргөгчтэй мөргөлдөж суудлын автомашины жолооч Х/41 настай, эмэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.
Усны осол: Хэнтий аймаг, Баянмөнх сум. Баянбулаг багийн “Эрэгмэг”гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т/ “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан.
11.04-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги алба хаагчид, мөн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Б/40 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 2 бүлэгт хуваагдан зохион байгууллаа. 1 дүгээр бүлэг “Хөтөл-Ус” нуурын усанд завиар урсан 15 удаагийн шумбалт хийж, усны түвшинг багасгах зорилгоор нуурын хойд хэсэгт 400 метрийн урттай, 3 метрийн өргөнтэй, 3 метрийн гүнтэй шуудуу татах /нуурийн гүн 160 см байна/ ажлыг зохион байгуулсан. 2 дугаар бүлэг “Хөтөл-Ус” нуурын эрэг дагуу явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:30 цагт түр зогсоосон. 11.05-ны өдрийн эрэн хайх ажиллагаа явагдаагүй.
Төөрсөн, сураггүй болсон: Замт багийн “Тариатын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 51 км-т, сумын төвөөс урд зүгт 80 км-т/ Иргэн Н 10.31-ний өдрийн 16:00 цагийн орчим Улаанбаатар хот руу явна гэж явганаар гараад сураггүй болсон. Орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газраас 11.03-ны өдрийн 20:00 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэлч нохойтой, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамтаар Н/51 настай эрэгтэй/-ийг тус “Тариатын-Ам” гэдэг газраас баруун зүгт “Арвижих” гэдэг газар хүртэл 25 км-т завиар, мөн “Тариатын-Ам” гэдэг газраас “Шовхон худгийн-Ар” гэдэг газар хүртэл 22 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 11.06-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
Өмнөговь аймаг, Гурвантэс сум. Тост багийн “Оёдол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 350 км, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ малчин О, Ө нар гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд малчин О/47 настай, эрэгтэй/, Ө/45 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.06-ны өдрийн 04:00 цагт тус багийн “Оёдол” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 7 км/-аас эсэн мэнд олсон.
Төв аймаг, Эрдэнэ сум. Чулуут багийн “Галтай булнай” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 83 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ 10.30-ны өдөр 15 хүн самарт түүж явж байгаад 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, эрэлч нохойтойгоор нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны харьяат иргэн Э/42 настай, эрэгтэй/-ыг эрэх хайх ажиллагааг зохион байгуулахаар “Галтай булнай” гэдэг газрын чиглэлд явж 11.06-ны өдрийн 02:50 цагт Бэрхийн даваанд очиж хоносон.
Дорноговь аймаг, Даланжаргалан сум. Олон-Овоо багийн “Билүүт” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 8 км/ суудлын автомашинтай иргэд сураггүй болсон тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 22:45 цагт хүлээн авсан.
Төөрч сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад 11.06-ны өдрийн 04:00 цагт эсэн мэнд байгаагаа утсаар мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Цас шаварт суусан: Завхан аймаг, Яруу сум. Өргөн багийн “Улаагчны гол” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ “Улаагчны” голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 11.05-ны өрийн 12:05 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 110 км зам туулан 17:30 цагт очиход Яруу сумаас Улиастай сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ийн “Ландкрузер-100” загварын суудлын автомашин суусан байсныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР