АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 10-нд Халх голын сав газраар, 12-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 9, 10-нд тал, хээрийн нутгаар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 2-7 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 8 дугаар хороо, Дэнжийн 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /09:12 цагт/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 09:19 цагт очиход иргэн Л-ын 9х9 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 42 дугаар хороо, Зүүн салаа “Ухны-Ам” гэдэг газрын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /09:34 цагт/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 10.5 км замыг туулан 09:44 цагт очиход тус зуслангийн задгайд иргэн У-ын 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 50 минут ажиллан унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум. 15 дугаар баг, Мангиртын 9 дүгээр хэсгийн 3 дугаар гудамжинд /сумын төвөөс 3 км/-т байшингийн дээврийн хэсгээс утаа гарч байна гэсэн дуудлагаар /11.07-ны өдрийн 09:57 цагт /10:01 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 10:02 цагт очиход иргэн Б-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 48 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хороо, Шарга морьтын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /14:55 цагт/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 15:06 цагт очиход иргэн Г-ын 8х10 метрийн хэмжээтэй байшингийн хана, таазны хэсэг шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Хэнтий аймаг, Баянмөнх сум. Баянбулаг багийн “Эрэгмэг”гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т/ “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан.

11.07-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, мө тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамтаар иргэн Б/40 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Нуур хөлдөж мөсний зузаан зах хэсэгтээ 10-15 см, гол хэсэгтээ 6-7 см зузаантай болсон. Хөлдсөн нууранд 160 цооног гаргаж эрэн хайх ажиллагааг явуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:30 цагт зогсоож, 11.08-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн. /Эрэн хайх ажиллагаа 10 дахь өдрөө үргэлжилж байна. /

Төөрсөн, сураггүй болсон: Төв аймаг, Эрдэнэ сум. Чулуут багийн “Галтай булнай” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 83 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ 10.30-ны өдөр Улаанбаатар хот болон Төв аймгийн харьяат 15 хүн самарт түүж явж байгаад 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан.

11.07-ны өдрийн байдлаар Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэлч нохойтой, самарт хамт явж байсан иргэд 2 бүлэг болон хуваагдаж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан бүлэг  “Сонгинотын-Эх” гэдэг газраас  иргэн Э/45 настай, эрэгтэй/-ийн бээлийг олж, тус сумын Баянтуул багийн “Хагийн хар нуур” гэдэг газрын чиглэлд 17 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 2-р бүлэг “Сонгинтын-Эх” гэдэг газарт 8 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоож, 11.08-ны өдрийн 07:00 цагт эхлүүлсэн.

Увс аймаг, Бөхмөрөн сум. Хар-Алтад багийн “Хужирт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км/-т УАЗ-31512 загварын автомашин 11.03-ны өдрөөс хойш эзэнгүй байна. Жолооч Д нь автомашиныхаа хажууд гутал хувцсаа тайлаад явсан байдалтай байна гэсэн мэдээллийг 11.06-ны өдрийн 16:39 цагт хүлээн авсан

Тус аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан нутгийн иргэд 60 км замыг туулан 18:20 цагт очиж Д/28 настай, эрэгтэй/-гийн автомашинаас нь зүүн зүгт 6 км-ын зайд “Мөстийн гол” гэдэг газраас малгай ороолт, гар утас, гадуур хувцас зэргийг олж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрэн хайх ажиллагааг түр зогсоож, 11.07-ны өглөө 07:00 цагт эхлүүлж, 12:35 цагт “Хужирт” гэдэг газраас баруун зүгт 2 км-т  “Мөстийн гол” гэдэг газарт осгож нас барсан байсныг олж, цогцсыг тус сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн гэж мэдэгдсэн.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 9 дүгээр хороо “Цардуулын-Ам” гэдэг газар хүүхэдтэй хүн 01:10 цагт гэрээсээ гараад төөрсөн гэсэн дуудлагыг 04:06 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах анги, Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус хорооны “Цардуулын-Ам” гэдэг газраас Э/40 настай эмэгтэй/, Т/1 настай эрэгтэй/-ийг 09:10 цагт олж, ар гэрийнхэн болон тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.

Баянхонгор аймаг, Богд сум. 3 дугаар багийн ‘’Зэрэглээ’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 40 км/-т малчин Б/59 настай, эрэгтэй/ 11.06-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.07-ны 06:30 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамтаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж анх сураггүй болсон газраас зүүн хойд зүгт 10 км-т “Баазын талбай” гэдэг газраас 09:25 цагт эсэн мэнд олж эхнэр Б-д хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймаг, Баянгол сум. Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Өндөр-Өнт” багийн “Эрээн дэнжийн бригад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/-т иргэн Д/49 настай, эрэгтэй/, Ж/50 настай, эмэгтэй/, нар иргэн Э-ын найранд очиж /согтууруулах ундаа хэрэглэсэн/ үедээ 11.06-ны 03:00 цагт “Портер” загварын ачааны автомашинтай Тарагт сум руу буцах замдаа тус айлаас зүүн зүгт 70 км-т хайрганд сууж, иргэн Ж/50 настай, эмэгтэй/, автомашинаас бууж сураггүй болсон тухай дуудлагыг 11.07-ны өдрийн 12:42 цагт /12:56 цаг/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, “Өндөр-Өнт” багийн иргэд 30 км замыг туулан 13:30 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.07-ны өдрийн 15:40 цагт “Өргөн зүлэгт” гэдэг газраас /хойд зүгт 20-км/-т, Тарагт сумын “Их булаг” багийн “Дунд гарам” гэдэг газарт осгож нас барсан байсныг олж, цогцсыг тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

Завхан аймаг, Түдэвтэй сум. Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон бригадын “Могойн голын цайдам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 274 км, сумын төвөөс урд зүгт 30 км, Тэс сумаас зүүн урд зүгт 90 км/-т Асгат сумын харьяат иргэн А/57 настай, эрэгтэй / 11.05-ны өдрийн 11:00 цагт Асгат сумын төвөөс малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.07-ны өдрийн 13:30 цагт /13:45 цаг/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах аврах 57 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Тус өдрийн 16:00 цагт хүү З холбогдож Баянхайрхан сумын Асгат багийн “Сээрэнгийн нарийн-Ухаа” гэдэг газар Асгат сумаас зүүн урд зүгт 15 км-т нутаглаж байгаа малчин Б-ынд эсэн мэнд байна гэсэн мэдээлэл өгснөөр эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Бусад төрлийн осол: Архангай аймаг, Түвшрүүлэх сум. “Нуурын дэнж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 40 км, сумын төвөөс урд зүгт 5 км/-т суудлын автомашин “Дунд нуур”-ын мөс цөмөрснөөс нууранд суусан тухай дуудлагыг 11.06-ны өдрийн 22:05 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 40 км замыг туулан 23:10 цагт очиход иргэн Ё-гийн “Королла Филдер” загварын суудлын автомашин “Дунд нуур”-ын мөс цөмөрснөөс нуурын гол хэсэгт автомашин суусан байсныг 9 цаг ажиллаж, 12:55 цагт автомашиныг татан гарган иргэн Ё-д хүлээлгэн өгсөн.

Хөвсгөл аймаг, Арбулаг сум. Бэл багийн “Дайман” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 76 км, сумын төвөөс баруун хойд зүгт 5 км/-т “Супер-Пронтер” загварын ачааны автомашинтай зорчиж яваад “Цагаан нуур”-ын мөсөнд цөмөрч орсон дотроо 2 зорчигчтой явсан 2 хүн нь машиныхаа тэвшин дээр байна, 1 хүн нь усанд осолдсон тухай дуудлагыг 11.08-ны өдрийн 01:58 цагт /02:33 цагт/ хүлээн авсан.

Тус сумын хэсгийн цагдаа болон орон нутгийн иргэд 02:30 цагт очиход Мөрөн сумын харьяат иргэн тус автомашины жолооч Г/39 настай, эрэгтэй/, Арбулаг сумын харьяат иргэн зорчигч Д/43 настай, эрэгтэй/ нар машины тэвшин дээр байсныг 02:43 цагт эсэн мэнд гаргаж, 03:05 цагт тус сумын ЭМТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид 05:00 цагт тус газар очиж усанд осолдсон иргэн Б/30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top