1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 4-9 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2-7 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 2-7 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 2-4 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-ны өдөр Халх голын сав газраар ялимгүй цас, 13-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 10-ны өдөр Дорнод-Дарьгангын тал нутгаар, 12-ны өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-ны өдөр зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уул багийн 19 дүгээр гудамжинд /3 үгт хаяг: хэмийд.гурвалжин.ажлыг/ Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 08:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 08:56 цагт очиход иргэн Б-ийн 8×10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 51 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны гудамж, Зээл хэсгийн автозамын зорчих хэсэгт /3 үгт хаяг:угаалт.цэнэг.тархалт/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 11:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 11:55 цагт очиход иргэн М-ийн “Бенз-С180” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 1 дүгээр гудамжны 6 тоот, /3 үгт хаяг:гэрлэсэн.тодруулагч.бариа/ амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 14:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:00 цагт очиход иргэн Ж-ын 4х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 15 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 15:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 15:15 цагт очиход иргэн Г-ын 2×3 метр хэмжээтэй амбаар, 5 метрийн урттай хашаа шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр баг дахь “Рефрэш” амралтын газар Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 14:56 цагт хүлээн авсан. Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 27 км замыг туулан 15:23 цагт очиход иргэн Ш-ийн 10х12 хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 19:55 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 20:05 цагт очиход иргэн М-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Шар хад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 165 км-т, сумын төвөөс баруун зүгт 20 км-т, 3 үгт хаяг: зайд.гэрийг.жуулчны/ Автозамын зорчих хэсэгт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 21:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 20 км замыг туулан 22:14 цагт очиход Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн “Бонго-3” загварын ачааны автомашин шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Баруун задгайгийн 17/Б гудамжны 6 тоот Байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 00:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 00:09 цагт очиход иргэн Х-ын 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Х /39 настай, эрэгтэй/ угаартсан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 61 дүгээр гудамжинд 35 дугаар хороо байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 01:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 01:15 цагт очиход иргэн Т-ын 7×10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Автозамын тээврийн осол: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагтай багийн “Булагтай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 169 км-т, сумын төвдөө, 3 үгт хаяг:досин.хэвлэгчид.цомхон/ Суудлын автомашин автозамын зорчих хэсгийн хажуу руу онхолдож, автомашины бүхээгт хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.08-ны өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 0.4 км замыг туулан 21:05 цагт очиход тус сумын харьяат иргэн Х/35 настай, эрэгтэй/ согтуугаар “Пробокс” загварын суудлын автомашин жолоодож яваад автозамын хажуу руу онхолдож, автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
Усны осол: Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т, 3 үгт хаяг:өмсгөл.шуудай.хойгуур/ “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан.11.08-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Б /40 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Хөлдсөн нууранд 102 цооног гаргаж, 12 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг явуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:45 цагт зогсоож, 11.09-ний өдрийн 07:30 цагт дахин эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, Цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг 11.09-ний өдөр тухайн газарт очиж ажиллана. /Нуур хөлдөж мөсний зузаан зах хэсэгтээ 10-15 см, гол хэсэгтээ 6-7 см зузаантай болсон/
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэл багийн “Дайман” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 76 км, сумын төвөөс баруун хойд зүгт 5 км/-т 3 хүн “Пронтер” загварын ачааны автомашинтай зорчиж яваад “Цагаан нуур”-ын мөсөнд цөмөрч 1 зорчигч усанд осолдож, 2 зорчигч нь автомашины тэвшин дээр гарсан тухай дуудлагыг 11.08-ны өдрийн 01:58 цагт хүлээн авсан. Тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 11.08-ны өдрийн 02:30 цагт очиход тус автомашины жолооч Г/39 настай, эрэгтэй, Мөрөн сумын харьяат/, зорчигч Д /43 настай, эрэгтэй, Арбулаг сумын харьяат/ нар автомашины тэвшин дээр байсныг 02:43 цагт эсэн мэнд аюулгүй газарт гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид 76 км замыг туулан 05:00 цагт тус газар очиж, осолдсон иргэн Б /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.08-ны өдрийн 10:40 цагт нуурийн 2 метрийн гүнээс цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн ”Галтай булнай” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 83 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ 10.30-ны өдөр Улаанбаатар хот болон Төв аймгийн харьяат 15 хүн самар түүж явж байгаад 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. 11.08-ны өдрийн байдлаар Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд самарт хамт явж байсан 14 иргэн, нийт 24 хүн, 1 эрэлч нохой, 2 автомашинтай 3 бүлэгт хуваагдаж, иргэн Э /45 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 1 дүгээр бүлэг тус сумын “Туул” гол гэдэг газраас “Бэрхийн даваа” гэдэг газар хүртэл 18 км-т, 2 дугаар бүлэг “Сонгинотын-Эх” гэдэг газраас “Хагийн хар нуур” гэдэг газрын чиглэлд 17 км-т, 3 дугаар бүлэг Эрдэнэ сумын төвөөс “Мойлтын пост” гэдэг газар хүртэл 90 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:25 цагт түр зогсоосон. 11.09-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Ховд аймгийн Дуут сумын Цагаан бургас багийн “Агуйтын хайрхан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 65 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т/ Малчин Н 11.08-ны өдрийн 09:00 цагийн орчим малаа хариулахаар морьтой яваад сураггүй болсон тухай мэдээллийг мөн өдрийн 23:30 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд, ар гэрийнхэн малчин Н /58 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР