Хөвсгөл нуураас “Сүхбаатар” онгоцыг татан гаргасан гурван “ГАВЬЯАТ”

suhbaatar_3-085856-18295355161.jpeg

Г.Тэгшсүрэн

“Үнэндээ чадах болов уу гээд эргэлзэж байсан. Гэтэл өнөөдөр энэ том онгоцыг гаргаад ирчихсэндээ бас л итгэж өгөхгүй зогсоно” хэмээн Онцгой байдлын албаны шумбагч ярив.

Гадаа цас хялмаалж, цаг агаар хасах хэмийг зааж, аминдаа хайртай гар утас маань арван минут ч тэсэлгүй унтарч байхад шумбагчид цэл хүйтэн ус руу цүлхийтэл үсэрч ороод тэнд 30-40 минут ажиллаж байв. Тэд ус руу зөвхөн өөрийгөө аваад орохгүй.

Урьд өмнө нь онгоцыг татан гаргах оролдлого хийж, холбож орхисон тросс, бэхэлгээг таслахаар хүнд төхөөрөмж, хүчил төрөгчөө үүрээд орно. Нуурын 12-16 метрийн гүнд очсоны дараа үүрч орсон төхөөрөмжөө ажиллуулна. Үүний дараа эрэг дээрх танкийн чирэгчид холбосон троссын нэг үзүүрийг онгоцонд бэхэлнэ.

Усан дор 36 жил болсон онгоцны төмөр уян чанартай болсон байх тул энэ бэхэлгээ өдрийн хэд суларна. Сулрах бүрд шумбагчид нуур руу орж, бэхэлгээг хийнэ. Тэдний үүрсэн хүчил төрөгч усан дор 30-40 минут л “амьсгал” болно.

ШУМБАГЧИД 530 ЦАГИЙГ УСАНД ӨНГӨРҮҮЛЖЭЭ

Хөвсгөл нуурт 1985 онд живсэн Бор-500 загварын “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцсон Онцгой байдлын албаны усчин аврагчид нийт 500 гаруй удаа усанд шумбажээ. Аврагчид эхлээд онгоцны байрлал, онцлогийг судлав. Үүний дараа зам, маршрут, бэхэлгээ хийх газрыг тогтоож эрэг рүү татах ажиллагааг эхлүүлэв.

Энэ бүх ажлын ард нийт 16 шумбагч ажиллаж, 214 удаагийн даалгавар гүйцэтгэж, нийт 31 мянга 834 минут буюу 530 цагийг усанд өнгөрүүлжээ.

ОБЕГ-ын Гамшиг шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, шумбалтын удирдагч, дэд хурандаа Б.Ганболд “Шумбалтын ажиллагаанд хүндрэлүүд үүссэн. Гэвч шумбагчид маань ур чадвар, техник технологийн хүчээр даваад гарлаа. Бид шумбалтын үеэр өмнө нь манай улсад хийгдэж байгаагүй хэд хэдэн ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, усны гүнд инженерийн ажиллагаа буюу тастах, холбох, тэлэх зэрэг ажиллагааг хийлээ. Мөн уул уурхайн хүнд техникийн дугуйг 12 метр гүнд байрлуулж, даралтын хоолойгоор хийлэх ажиллагааг зохион байгуулсан” гэв.

Эхний гавьяа Онцгой байдлын алба, шумбагчдынх.

УС ГАТЛАЛТ, ТАНКИЙН РОТЫН САЛАА ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭВ

Онцгойн шумбагчид усан дор онгоцонд бэхэлгээг хийж дууссан. Иймд одоо  татан гаргах ажиллагаа эхэлнэ. Онгоцыг татах ажиллагаанд Зэвсэгт хүчний 234 дүгээр ус гатлалтын анги, Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн Танкийн ротын салааныхан үүрэг гүйцэтгэв.

Танкийн чирэгч механизм нь нэг мото цагт 54 литр түлш зарцуулдаг. Километр цагаар тооцвол 100 километрт 330 литр түлш зарцуулдаг гэнэ. Гэхдээ энэ ажиллагаанд хөдөлгөөн үйлдэхгүй байгаа тул зөвхөн мото цагаар ажиллаж байна гэж Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн Танкийн ротын салааны ахлагч, ахлах ахлагч Г.Баатар сонирхууллаа. Зэвсэгт хүчний анги, байгууллагын алба хаагчид хөлгийн их биед байгаа усыг соруулахаас эхлээд эцсийн зогсоолд нь татах ажиллагааг явуулав. Тэдэнд ч мөн өмнө нь ийм төрлийн ажиллагаанд оролцсон туршлага үгүй.

“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны орлогч, Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын орлогч, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганхөлөг “Зэвсэгт хүчин улс орныг хөгжүүлэх стратегийн ач холбогдолтой төслүүдэд оролцон ажиллаж байна. Энэ удаад хоёр байгууллагын хамтарсан сургууль гэж хэлж болмоор ажилд оролцлоо. ШУТИС-ийн эрдэмтэн, багш нарын тооцоолол, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнээс томилогдсон зөвлөх инженерүүдийн шийдэл аргачлал, үүрэг гүйцэтгэсэн залуусын багаар ажиллах чадавхын үр дүнд бид өнөөдөр урьд өмнө нь гүйцэтгээгүй таталтыг хийж чадлаа” гэв.

Сүхбаатар хөлөг онгоцны өөрийн жин 309 тонн. Үүн дээр нэмээд онгоц дотор хуримтлагдсан 150-160 тонн ус, лаг шавартай нийлээд 550 тоннын жинтэй нүсэр техникийг усан дороос бүү хэл, хуурай газар дээр чирч хөдөлгөсөн түүх манай улсад үгүй гэдгийг Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн судлаач Г.Идэр хэлэв. Тэрбээр зөвхөн техникийн хүчээр бус алба хаагчдын ур чадвар, оюун ухааны хүчээр энэ нүсэр хөлөг онгоцыг татан гаргаж чадсан гэдгийг онцоллоо.

Хоёр дахь гавьяа Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийх.

ТЕХНОЛОГИЙН КАРТЫГ ХОЁР ХУВИЛБАРААР БОЛОВСРУУЛАВ

Ажлын төлөвлөгөө гаргасан зурагт самбарт:

Ажиллагааны нэр: Хөвсгөл нуурт живсэн хөлөг онгоц татан гаргах
Үндэслэл: Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 117 дугаар захирамж
Гүйцэтгэх: Батлан хамгаалах яам, ОБЕГ
Санхүүжилт: БОАЖЯ
Ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүн: БОАЖЯ, БХЯ, ЗХЖШ, УУХҮЯ, ОБЕГ, МХЕГ, ХАЗДТГ, ЦЕГ” гэж бичжээ.

Харин зорилгыг “Хөвсгөл нуурын эко системийг хадгалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах, нуурт живсэн хөлөг онгоцыг татан гаргах инженерийн суурь судалгаа, тооцоог боловсруулж, ажиллагааг зохион байгуулах ” гэж тодорхойлсон байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа буюу 2020 онд Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар онгоцыг татан гаргах  санаачилгыг эхлүүлснээр ажлын хэсэг байгуулагджээ. Улмаар судалгаа, тандалтын ажлыг 2021 оны долдугаар сарыг хүртэл үргэлжлүүлэв. Үүний дараа ЗХЖШ, ОБЕГ-ын удирдлагуудад үүрэг, чиглэл өгснөөр  ОХУ-тай хамтарсан дадлага, сургуулилалтыг хийжээ.

Харин наймдугаар сард Батлан хамгаалах сайдын тушаалаар хөлөг онгоцыг татан гаргах дэд ажлын хэсгийг томилов. Энэ ажлын хэсэгт ШУТИС-ийн эрдэмтэн, зөвлөх инженерүүд багтсан. Өнгөрсөн найм, есдүгээр сард ажлын хэсэг хоёр удаа Хөвсгөл аймагт хүрэлцэн ирж, судалгааны ажлыг хийв. Ингэхдээ онгоцыг татан гаргах үйл ажиллагааны технологийн картаа олон улсад хийдэг аргачлалд үндэслэн хоёр хувилбараар боловсруулж батлуулжээ.

Нэгт, дэлхийд хэрэглэдэг олон улсын жишигт нийцсэн аргаар технологийн картаа боловсруулав.
Хоёрт, Монгол орны нөхцөлд тохируулан ажлын төлөвлөгөө гаргав. Ажлын хэсэг хоёр дахь хувилбарт санал нэгдэж, ажиллагааг эхлүүлжээ.

Дэд ажлын хэсгийн орлогч дарга, хурандаа Ц.Ганхөлөг “Бидний хувьд нэгдүгээрт дэлхийн жишигт нийцсэн аргаар осол авааргүй гаргах, хоёрдугаарт Монгол Улсын нөхцөл байдалд тулгуурлаад зардал хэмнэж гарган авах чухал байлаа. Сүхбаатар хөлгийг эхлээд усны гүнээс живсэн байрлалаар нь нуурын гүехэн хэсэг рүү татаж усыг нь сорууллаа. Үүний дараа эргэлдэх хөдөлгөөн хийж, нуурын эрэгт байрлуулахаар зорьсон” гэв.

Гурав дахь гавьяа технологийн картыг боловсруулсан эрдэмтдийнх.

Хөвсгөл нуурт 36 жил байрласан хөлөг онгоц дотроос 400 литр техникийн тосоос эхлээд ширмэн тогоо, данх, хүүхдийн эсгий гутал, модон эдлэлүүд гарч иржээ.

Мөн “Аймгийн намын хороо Ардын депутатын гүйцэтгэх захиргаа үйлдвэрчний эвлэлийн зөвлөл хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо” гэсэн хүрэн хавтастай жуух бичиг БНМАУ гэсэн сүлдтэйгээ хэвээр гарч ирж социализмыг санагдуулав. Түүнчлэн  0.5 миллиметрийн зузаантай ган төмөр 36 жилийн дараа усан дороос уян чанартай болж гарч иржээ.

Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан:

  • БХЯ, ЗХЖШ, түүний харьяа Зэвсэгт хүчний 011, 186, 234, 7780 дугаар анги,
  • ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад,
  • Давтан сургалт, сэргээн заслын төв-113,
  • Ар тал хангалтын 115, Уул уурхайн аврах ангийн 09 дүгээр анги,
  • Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар,
  • ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны газар,
  • МХЕГ,
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,
  • ШУТИС,
  • Хөвсгөл аймгийн ЗДТГ,
  • Цагдаагийн газар,
  • Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн ажлын алба,
  • “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцов.

Тэд тушаалаар томилогдон хоёр сарын хугацаанд гэртээ харилгүй үүрэг гүйцэтгэжээ. Харин өнөөдөр Хөвсгөл нуурыг цэвэрлэж, насжилтыг нь уртасгачхаад гэртээ харилаа. Тэдэнд Сүхбаатар онгоц туршлага болж, Хөвсгөл нуурт живсэн автомашинуудыг татан гаргах итгэл, зоригийг нэмэв.

Эх сурвалж: gogo.mn

scroll to top