Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сэдэвт сургалт, дадлагыг 2022 онд зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургалт, дадлагыг зохион байгуулах зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр танхимаар болон цахимаар зохион байгууллаа.
Зөвлөлдөх уулзалтын нээлтэд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, ХХМТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо, Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн Гамшгийн үеийн харилцаа холбооны кластерийн ерөнхий зохицуулагч хатагтай Пайза Жамил, НҮБ-ын Хүүхдийн сангийн Үйл ажиллагаа хариуцсан дарга Петар Зафиров нарын албаны хүмүүс оролцсон юм.
Мөн төрийн цэргийн байгууллагууд, гамшгаас хамгаалах албад, Монгол Улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн нийт 26 байгууллагын холбогдох 37 албан тушаалтан хамрагдлаа.
Тус уулзалтаар дараагийн шатны сургалт, дадлагыг зохион байгуулах, газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдлыг хангах, чадавхыг бэхжүүлэх, салбар хоорондын харилцан ажиллагааг сайжруулах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.