Аюулт үзэгдэл, ослын мэдээ

Цаг агаарын мэдээ:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-ны өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-ны өдөр Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. Салхи 14-ний өдөр тал, хээрийн нутгаар 12-14 м/с, 15, 16-ны өдөр Алтайн уулархаг нутгаар, 17-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 1-6 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 16-ны өдрөөс баруун аймгуудын нутгаар, 17-ны өдөр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Ахуйн гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайхан багийн 6/А гудамжинд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 09:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 09:52 цагт очиход иргэн Ч-ын 8 “Бонго пронтер” загварын ачааны автомашин шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Цайдам багийн Буурлын 6 дугаар гудамжинд  /аймгийн төвөөс баруун урд зүгт 25 км-т/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 11:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан 12:10 цагт очиход иргэн Г-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн “Хайлааст” хорооллын 25 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 16:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 16:32 цагт очиход иргэн А-ийн хураалгаатай 1 тн орчим өвс шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2/А хэсгийн 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 18:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 18:57 цагт очиход иргэн О-ийн 4х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.         

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Баянбулаг” зуслангийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 21:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 21:16 цагт очиход иргэн Б-ийн 10х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нарийн 6 дугаар хэсгийн Хөшгийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 00:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 64 км замыг туулан 01:52 цагт очиход иргэн Д-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшин, 7х7 метрийн хэмжээтэй гараашийн дээвэр шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

2. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Баянхутаг сумын Наран багийн “Банзар” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11.12-ны өдрийн 11:42 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 12:21 цагт унтраасан, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж шалгасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. /Түймэрт урьдчилсан байдлаар 1 га орчим талбай шатсан/

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 323 км-т, сумын төвөөс баруун зүгт 37 км-т, Ө-51°15’00”, У-100°19’48”/ 11.13-ны өдрийн 03:24 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 03:38 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллгаатай холбоотой осол:

 Усны осол:Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114 км/-т 08.31-ний өдөр “Орхон” голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 20:25 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг 09.02-ны өдрөөс 09.07-ны өдөр, 09.16-ны өдрөөс 09.23-ны өдөр, 10.13-ны өдрөөс 10.15-ны өдрийг дуустал тус тус зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул зогсоосон. 11.12-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид иргэн Л/44 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Дэрст булан”  гэдэг газраас “96 дугаар точкийн бирваз” гэдэг газар хүртэл Орхон голын усаар 45 км-т завиар урсаж, голын эрэг дагуу явганаар 45 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:21 цагт түр зогсоож, 11.13-ны өдрийн 08:30 цагт эрлийн ажиллагааг эхлүүлсэн.

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т/ “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан. 11.12-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Б/40 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Хөлдсөн нууранд 60 цооног гаргаж, 6 удаагийн шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:30 цагт зогсоож, 11.13-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн. /Нуур хөлдөж мөсний зузаан зах хэсэгтээ 10-15 см, гол хэсэгтээ 6-7 см зузаантай болсон/ 

Өндрөөс унах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Ногоон төгөл” хотхоны 77 дугаар байрны 12 давхар барилгын 12 давхар дахь цонхоор хүн унаж болзошгүй байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 12:55 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах-105 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 13:01 цагт очиход тус байрны иргэн А /23 настай, эрэгтэй, согтуу/ гэрийнхээ цонхон дээрээ сууж байсныг эсэн мэнд буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 17 дугаар байр 5 давхар барилгын дээврээс 2 хүүхэд унаж болзошгүй байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 17:38 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах-105 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:51 цагт очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Н /15 настай, эмэгтэй/, Т /15 настай, эмэгтэй/ нар согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 5 давхар барилгын дээвэр дээр байсныг эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Онцгой байдлын ерөнхий газар

scroll to top